Лос-Анжелес 2028 оны зуны Олимпыг зохион байгуулна

2028 оны зуны Олимп болон Паралимпыг зохион байгуулах шийдвэр гаргаснаа Лос-Анжелес хотын Олимп-Паралимпын хороо даваа гарагт зарлажээ.



Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ 2024 он болон 2028 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах хотуудаар Парис болон Лос-Анжелесыг тодруулаад байсан юм.

Харин тус хоёр хотын хувьд аль нь эхэлж 2024 оны Олимпыг явуулах вэ гэдгээ хоорондоо тохиролцох ёстой байв. Тус хоёр хот тохиролцоонд хүрэхгүй бол аль нь эхэлж 2024 оны Олимпын тоглолтыг зохион байгуулах вэ гэдгийг энэ оны 9 дүгээр сард Перу улсын нийслэл Лима хотод болох ОУОХ-ны 131 дүгээр чуулганы үеэр тодруулах байсан билээ.

Сануулан дурдахад, 2024 он болон 2028 оны Олимпын тоглолтуудыг зохион байгуулах эрхийн төлөө Хамбург, Будапешт болон Ром хотууд өрсөлдөж байсан бөгөөд эцсийн шатанд Парис, Лос-Анжелес тунаж үлдсэн юм.

Парис болон Лос-Анжелесын хувьд өмнө нь тус бүр хоёр удаа Олимпын наадмыг зохион байгуулж байсан туршлагатай хотууд. Тодруулбал, Парис хот 1900 болон 1920 онд Олимпыг хүлээн авч байсан бол Лос-Анжелес хот 1932 он болон 1984 онд Олимпын наадам зохион байгуулж байсан түүхтэй.