Хятад улс Шри-Ланкийн боомтыг 99 жил ашиглана

Шри-Ланк улс өмнөд нутгийн “Хамбантота” боомтыг барихад зарцуулсан 1.1 тэрбум долларын өрөө дарахын тулд Хятад улсад тус боомтоо 99 жилийн хугацаанд ашиглуулах гэрээнд гарын үсэг зуржээ.

 

Шри-Ланк улс Өмнөд Азид хамгийн томд тооцогдох тус боомтыг барихын тулд Хятадаас 1.4 тэрбум доллар зээлж авсан аж. Харин Шри-Ланкийн Засгийн газар зээлж авсан энэ мөнгийг буцаан төлж чадахгүй болсон байна. Тиймээс тус боомтын үйл ажиллагааг удирдан явуулж буй фирмийн хувьцааны 70 хувийг Хятадын нэгэн компани худалдан авч, 99 жилийн хугацаанд тус байгууламжийг ашиглах тухай гэрээг өнгөрсөн бямба гарагт байгуулжээ.

Хятад улс боомтын аюулгүй байдлыг хариуцах тухай хэлэлцээрийг талууд өнгөрсөн нэгдүгээр сард байгуулахаар төлөвлөж байсан юм. Гэвч Шри-Ланкийн засгийн газрын албаны хүмүүс хэлэлцээр байгуулахыг эсэргүүцэж “энэ хэлэлцээрийг байгуулснаар манай улс үндсэндээ Хятадын колоничлолд орно гэсэн үг” гэж байв. Энэтхэг болон бусад хөрш орон ч мөн адил түгшиж байгаагаа илэрхийлж байсан юм.

Сүүлд буюу бямба гарагт байгуулсан хэлэлцээрт “Шри-Ланкийн тал боомтын аюулгүй байдлыг хариуцна” гэж тусгажээ.

“Хамбантота” боомт нь Энэтхэгийн далай дахь хөлөг онгоцны гол боомтуудын нэг бөгөөд Хятадын “Нэг бүс ба Нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх төлөвтэй байгаа байгууламжуудын нэг юм.

Бямба гарагт байгуулсан боомт ашиглах тухай хэлэлцээр нь Энэтхэгийн далайд Хятадын нөлөөг нэмэгдүүлэхэд хүргэнэ гэж ажиглагчид үзэж байна.