Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурнойг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Александр Григорьевич Лукашенкод чин сэтгэлийн баяр хүргэсэн захидал илгээсэнд нь талархсанаа илэрхийллээ.

 

Хоёр улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол-Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 25 жил болж байгааг уулзалтад оролцогчид дурдаж, улс хоорондын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын хурлыг хуралдуулах болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлуулах талаар санал солилцов.

Беларусь Улсын хувьд Монгол Улсад уул уурхайн хүнд машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхол их байдгийг Элчин сайд ярьсан юм.

Хоёр улсын хувьд ХАА-н салбарт хамтран ажиллах боломж бололцоо өргөн байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон дурдав.