Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга технологийн салбарт мэргэшин гадаад улс орнуудад амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөлөлтэй уулзаж ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн, гадаадын томоохон компаниудад амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзаж, улс орондоо энэ салбарын хөгжлийг эрчимжүүлж Монгол Улс дэлхийн зах зээлд хэрхэн гарч болох талаар санал солилцлоо


Уулзалтад АНУ-ын “Google” компанийн ахлах софтвэйр инженер Б.Баттулга, “Амазон” компанийн хөгжүүлэлт, үйл ажиллагааны ахлах инженер А.Амарбаяр, “Square” компанийн борлуулалтын менежер Б.Дөлгөөн, Монголоос олон улсын зах зээлд амжилттай гарч буй “Анд глоба”л компанийн захирал Ч.Анар нар хүрэлцэн ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрсдийн эрхэлж буй ажил болон, Монгол Улсад энэ салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаараа ярилцлаа.

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад энэ чиглэлээр сурч, ажиллаж байгаа цөөнгүй залуус уулзаж улс орондоо технологийн салбарыг хөгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд тэдний төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж байгаа нь энэ юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга далайд гарцгүй Монгол Улсын хувьд мэдээллийн технологи гэдэг бол дэлхийд, олон улсад Монголын нэг чухал гарц хэмээн харж байгаагаа онцлоод БНЭУ-ын Элчин сайдтай уулзахдаа тус улсын дэлхийд алдартай мэдээллийн технологийн сургуулийн салбарыг улсдаа байгуулах талаар хүсэлт тавьсан талаараа мөн дурдлаа. Залуус улс орныхоо хөгжлийн төлөө, мэргэшсэн салбараа өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүртэл улс орондоо хөгжүүлэх тухайд бодит санал боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах талаар ч мөн ярилцлаа.