Т.Гантогтох: 31 тэрбум төгрөгийн махны боруулалт хийгдсэн гэсэн дүн гарсан

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Гантогтохтой Монгол, Вьетнам Улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны завсарлагааны үеэр ярилцлаа.

-Хоёр орны Засгийн газар хоорондын хуралдаанаар ямар асуудал онцолж яригдаж байна вэ?

-Өнөөдөр Монгол, Вьетнам Улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан болж байна. Энэ хуралдаанаар мах махан бүтээгдэхнийг гадаад руу гаргах, цаашид хамтран ажиллах асуудлаар яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Урьд нь Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Вьетнам Улсад айлчлах үеэрээ мах махан бүтээгдэхүүнийг гаргах тухай хэлэлцээрээ тохирч, гарын үсэг зурсан.

Харин энэ удаагийн хуралдаанаар бид хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдалд анхаарч, хэлэлцээрээ үргэлжлүүлж байна. Монголын талаас найман аж ахуйн нэгж мах махан бүтээгдэхүүнийг Вьетнам Улс руу гаргах зөвшөөрөл авч ажиллаж байгаа юм.

-Манай улс энэ жил хэчнээн хэмжээний мах махан бүтээгдэхүүнийг гаргахаар тооцсон юм бэ?

-Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс Монгол Улсаас гадаад орон руу мах махан бүтээгдэхүүнийг гаргах тоо хэмжээг зааж өгдөг. Энэ жилийн хувьд  хонь, ямааны махны тоо хэмжээг тодорхой заагаагүй байгаа. Харин энэ жилдээ багтааж 38 000 тонн үхрийн мах, 20 000 адууны мах гадаад руу гаргах тоо хэмжээг зааж, тогтоосон юм.

Манай улсын мах махан бүтээгдэхүүнийг гадаад руу гаргах асуудлаар ХХААХҮЯ, Засгийн газар хамтарч томоохон шийдлүүдийг гаргаж, хэлэлцээрүүдийг хийгээд байна.Тухайлбал, Эрээн хотод 6000 тонн мах гаргах боломжийг бүрдүүлээд, гэрээ хийгдсэн. Эхний шатны ачалтанд 120 тонн мах газраар ачигдаж явж байгаа юм. 2017 оны зургаадугаар сарын байдлаар Монгол Улсаас 7000 тонн мах гадаад руу гаргасан. Эндээс 31 тэрбум төгрөгний махны боруулалт хийгдсэн гэсэн дүн гарсан.

-Хятад Улс руу мах махан бүтээгдэхүүн гаргахад хорио цээрийн асуудалд саад тулгардаг тухай яригддаг. Энэ талаар?

-ХХААХҮЯ-ны П.Сэргэлэн сайд хорио цээрийн асуудлаар өнгөрсөн хоёр сарын өмнө БНХАУ-ын Хүнс хөдөө аж ахуйн сайдтай уулзсан. Энэ уулзалтаар хоёр тал хорио цээрийг цэгцэлье. Аль болохоор таатай орчинг бүрдүүлье гэж ярилцсан. Одоогоос хэд хоногийн өмнө сайд мах үйлдвэрлэгчтэй уулзаад, тулгамдсан ямар асуудал байгаа талаар ярилцсан юм. ХХААХҮЯ цаашид гадаад руу мах гаргах асуудалд анхаарч, мах үйлдвэрлэгчид, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал, эмнэлэгийн үржлийн газартай хамтарч Ажлын хэсэг байгуулан, ажиллаж  эхлээд байна.

- Вьетнам Улсаас хүнсний ямар нэгэн бүтээгдэхүүн Монголд оруулж ирэх гэрээ хэлэлцээр байгуулсан уу?

-Өнөөдрийн хуралдаанаар манай улс эхлээд мах махан бүтээгдэхүүнээ гаргах асуудлаар ярилцаж байгаа. Харин Вьетнам Улсын тал далайн гаралтай бүтээгдэхүүн, кофегоо манай улс руу оруулж ирье гэсэн хүсэлт тавьж байна. Хоёр орны энэхүү хуралдаанаар дараа дараачийн хэлэлцээрүүд яригдах юм.

Б.Баярмаа