Эгэл амьдралын үнэн түүх

Амжилт гэж юу вэ. Монгол хэлний тайлбар тольд “Ямар нэг зүйлийн үр дүн, санасандаа хүрэхийг амжилт” гэж тайлбарласан байдаг. Манай жүдогийнхон амжилт бол хамтын хүч гэж тодорхойлдог. Спорт тэр чигтээ амжилтын төлөөх их “тулаан”.

Яармагийн дэнж дээр дэрсхэн өсөх хөвгүүдээ хөтлөөд тамирчин болгохоор спорт нийгэмлэгийн хаалга татсан аав ирээдүйд хөвгүүд нь Монголын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах улстөрч, бизнесмэн болно гэж төсөөлөөгүй. Бөхөд дурлаж, бөхөө хайрладаг Монгол эр хүний зангаар хөвгүүдээ бөх болгоно хэмээн бодож, амжилтын төлөө зүтгэх их урам зоригийг нь бадраасан Ж.Халтмаа гуай хөвгүүдийнхээ үлгэр дуурайл байв. Тэр бүр дуугараад байхгүй ч хэнээс ч эмээлгүй хэлэх үгээ жинтэйхэн хэлж, хөвгүүдээ хөдөлмөрт дуртай бас яггүй тэмцэгч болгон хүмүүжүүлж. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ аварга, арслангуудыг засан, мөрнөөсөө гаргадаг аав нь хөвгүүдээ ч бөх рүү хөтөлсөн түүхтэй.

Хөдөлмөр нийгэмлэгийн дасгалжуу­лагч Намшир багш дээр Халтмаа гуай хөвгүүдээ дагуулаад очтол “Баттуул бол чөлөөтөөр хичээллэж болох юм. Харин Баттулга самбо, жүдогоор л хичээллэвэл...” гэхэд дүүг нь авчихаад өөрийг нь аваагүйд жаахан гомдсон ах гэртээ ирээд нулимс унагасан гэдэг. Улсын шигшээ багийн тамирчин дүүгээ гадаад явахад “би бас гадаад явдаг сайн тамирчин болно” гэсэн хүүгийн хүсэл Яармагийн дэнжээсээ Монголын дэвжээнд цойлж, дараа нь дэлхийн дэвжээнд гарах  зорилго нь болжээ. Ингээд л спорт руу, бөх рүү зүтгэсээр Монголын самбо бөхийн шигшээ багийн тамирчин, Баянгол зочид буудлын байнгын “үйлчлүүлэгч”-ийн нэг болов. Паартай, утастай,  цахилгаан шаттай бас зөөлөн ор дэр. Гэр хорооллын хүүхдийн хувьд өөр ертөнцөд тэр амьдрах болов. Өмнө нь Дүрслэх урлагийн дунд сургуульд сурч байхдаа хааяахан Баянголын үүд хавиар жуулчид угтаж гүйгээд нэг, хоёр доллараар ганц нэг зураг зарчихна. “Hi, How are you. One dollar, two dollar” гээд жуулчидтай бол ойлголцчихно. Бас хөөрхөн орлоготой. Өдөрт 10 заримдаа 20 доллар олчихно. Долдугаар ангиасаа ажлын амтыг, мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн учраас хүү олсон хэдийгээ гамнана. Арьс ширний үйлдвэрт зуны амралтаараа ажиллаж олсон зуугаад төгрөгөө хөлөртөл нь гартаа атгаад ээждээ авчирч өгсөн тэр өдрийг сэтгэлдээ хадаж, гэр хорооллын борог амьдралаас өөрийнхөө хүчээр л өсч өндийх ёстой гэдгийг тэр аль эрт ойлгочихсон байв. Түүний аав өглөө бүр гэрээсээ дугуйгаа унаад гардаг жирийн нэг үйлдвэрийн ажилчин. Тиймээс хөвгүүдэд амжилт гэдэг зорилго, мөрөөдөл, хөлс хүч, хөдөлмөр зүтгэл.
1980-аад он. Дэлхий социалист, капиталист гээд хуваагдчихсан. Спортод хүртэл бойкот хийж байсан цаг. Ийм үед тив дэлхийн тэмцээнд улсынхаа далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх нь тамирчин бүрийн амбиц.  Монголын тамирчдын хувьд төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх хамгийн боломжтой төрөл бол самбо. Дэлхийн аваргаас “шар” медаль авбал байр өгнө гэсэн болзол залуу тамирчдын амжилтын зорилго болж байсан нь ойлгомжтой.

Өнөөдөр та хэн ч болсон бай өчигдөр хэн байснаа мартах учиргүй.



Гарын дүйгээ ашиглаад тогтмол орлоготой болсон Баттулгыг аав нь самбо бөхийн секцэнд оруулсан гэдэг. Дурслэх урлагийн сургуульд сурна, бөхийн секцэндээ явна, бас оёдол хийж, зураг зурж орлого олно гээд 16 настай хүү завгүй өдрүүдийг өнгөрүүлсээр... Аль альд нь бас амжилтаа ахиулсаар. Ингэсээр сургуулиа төгсч, ажилтай болов. Тамирчны замнал нь улсын аварга, дэлхийн аваргад хөтлөв. 1983 онд хүсч хүлээсэн дэлхийн аваргаас алтан медальтай ирэв. Гэхдээ энэ удаад байранд орсонгүй, яригдаад л өнгөрөв.

1983 онд Самбо бөхийн дэлхийн аварга
1986 онд Дэлхийн аваргын мөнгөн медаль
1988 онд Дэлхийн цомын аварга
1983-1990 онд Монгол Улсын самбо бөхийн таван удаагийн аварга.
1995 онд Монгол Улсын гавьяат тамирчин

----------------------------------------------------------------------------------------------------------

Тэр буцсангүй, шантарсангүй. Зорилго тавиад эхэлсэн л бол буцаж няцалгүй зүтгэсээр. Шигшээ багийн тамирчин байхдаа бусдын адил жижиг сажиг наймаа хийж ч үзэв. 1988 онд Дэлхийн цомын тэмцээн Улаанбаатарт болсон юм. Самбо бөхийн холбооны дарга Л.Энэбиш хотын дарга байсан үе. “Чи алтан медаль авчих, тэгвэл хүсээд байгаа байрыг чинь өгье” гэснээр медальтай, байртай болов. Спортод дэлхийн энтэй тамирчидтай харьцуулахад нэлээн оройтож орсон тэрээр тив дэлхийн аварга болно, байртай болно гэсэн зорилгодоо 1989 онд хүрчихсэн байв.

Аав Жигмидийн Халтмаа, ээж Цагааны Должинсүрэнгийн хамт



Монголын спортын түүхэнд оруулах хувь нэмэр нь ингээд хязгаарлагдчихаагүй гэдгийг уншигч та сайн мэднэ. Монгол түмнийг эвлэрүүлэн, омогшил, бахархлыг нь өдөөсөн олимпын анхны алтан медалийн эзэн түүний удирдсан Жүдо бөхийн төрлөөс, холбооноос төрсөн. Сахилга бат, хариуцлагыг өндөрт тавьж, тамирчин хүний хөлс, хөдөлмөрийг Монгол түмний амжилт болгон хувиргаж чадсанаараа Х.Баттулга түүхэнд тэмдэглэгдэн үлдэх гавьяатай.

Хүүхдийн хувцасны “экспорт”

Зах зээлийн ороо бусгаа үе эхэлж, аль түрүүлж хөдөлсөн нь маргаашаа бүтээн босгох цаг ирэв. Ардчиллын салхи сэвэлзэж, монголчууд хилийн дээс алхаж,  нууцаар хийдэг байсан наймаагаа ил, бүүр улс дамжин хийх боломжтой болов. Орос даавуу л арай хямд байгааг анзаарсан Баттулга хүүхдийн хувцас оёж, Европ руу борлуулав. Өнөөдөр манайхан экспортын бүтээгдэхүүн, брэндийн тухай ярьсаар байгаа ч гадагшаа гаргах цөөн бүтээгдэхүүнтэй байхад тэрээр аль 1990-ээд онд хүүхдийн хувцас оёж Европ руу борлуулж эхлэв. Харин монголчууддаа зориулаад залуусын дурлах савхин хүрмийг ганган цоолбор, элдэв чимэглэлтэй хийнэ. Арьс ширний үйлдвэрийн хаягдал гэгддэг өөдсүүд мөнгө, бүр экспортыг орлох бүтээгдэхүүн болж байв.

1992-1997 онд “Женко” ХХКомпанид захирал
1997-1998 онд “Баянгол зочид буудал” хувьцаат компанид захирал
2000-2004 онд “Махимпекс” хувьцаат компанид  захирал

---------------------------------------------------------------------------------------------

Германд буй найзынхаа хэлснээр олсон хэдийгээ арвижуулах санаатай тэнд үнэд ороод байгаа гэх 20-тын дэвсгэртийг өвөртлөөд л Польшийг зорих шийдвэр нэг өдөр гаргажээ. Тэнд очоод нутаг нэгтнийдээ ганц нэг хоног төөрүүлж, арга ядвал орц бараадан хоносоор Герман орсон гэдэг. Харамсалтай нь, Польшид будилж явахад нь нандигнан хадгалж байсан 20-тын дэвсгэрт нь Германд цаас болоод хувирчихсан гэдэг. Хоолтой хоолгүй өдрүүдийг өнгөрүүлж, хүний нутгийн газар хатууг мэдэрч явахдаа их спортод өрсөлдөгч байсан нутгийн тамирчнаас мөнгө зээлж, хоёр Германы мөнгөний ханшны зөрүүг ашиглан гэртээ харих, тэр байтугай хармаалаад буцах мөнгөтэй болж. Тэр бага чулуугаар их чулуу доргиохын ухааныг маш сэргэг мэдэрч чаддаг, тэрийгээ амжилт болгож хувиргадаг, алдаа болгоноосоо суралцдаг бизнесмэн гэдгээ бизнесийн ертөнцөд амьдарсан жилүүддээ бусдад сургамж болох түүх бүтээсэн байдаг.

Хоёр жил гаруй хоёр хөршийнхөө хооронд бараа зөөсөөр 100-гаад мянган доллар цуглуулж чадсан ч Оросын цагдаа нарт дээрэмдүүлсэн тэр өдөр л ганзагаар хөлжиж, зорилго мөрөөдлөө биелүүлнэ гэдэг цаашид хол явахгүй нь тодорхой болсныг мэдрэв. Хүн бүр мэддэг шахуу болсон өнөөх алдарт камерны наймааг эхлүүлж нэг, хоёр зуугаар биш мянгаар нь ашиг унагаж үзэв. Тэр Сингапураас зөөж, Бээжинд камер зарах ажлыг эхлүүлсэн шигээ дараагийн хүмүүст боломж олгоод өөрт ногдох хэсгээ хүртээд орхисон байдаг. Ганзагын наймаанд тэр өөрөө амжилттай ажиллаж чадсан шигээ монголчууддаа ч шинэ шинэ боломж нээж өгсөн юм.

Суурин бизнес эхлүүлж, “Женко” ком­паниа байгуулан үйлчилгээний салбаруудыг хөл дээр нь босгох дараагийн зорилго тавив. Такси бааз, саятан сугалгаа, диско баар, үсчин гээд л баруунд харсан үйлчилгээгээ монголчууддаа санал болго­лоо.
1995 онд Японы “Эн-Эйч-Кей” телевиз Азийн орнуудаар явж, олон хүний түүхийг богино хэмжээний баримтат кино болгон үзэгчдэдээ хүргэсний нэг Х.Баттулгынх байв. Нэвтрүүлэг цацагдсаны дараа Японоос түүнтэй уулзах, хөрөнгө оруулалтын талаар ярилцах санал ирсэн гэдэг. Тэндээс “Коника” хэмээх төсөлтэй 100 мянган доллартай Улаанбаатарт бууж. Гэхдээ энэ үед ядуу улсын иргэн байхын, хөгжлөөрөө хоцорсон алхам бүр бусдын элэг доог болдгийн зовлонг биеэр мэдрээд ирэв.

Тэр шинэ бизнес бүрээ бодит болгож, мөнгө болгон хувиргана. Ардчиллын үр шимийг хүртэж, бас өөрийнхөө зорилго тэмүүллийг ажил болгож чадаж буй учраас Ардчиллын үйл хэрэгт ч чадлаараа дэм болсоор байлаа. Ардчиллыг Монголд бэхжүүлж чадвал баруунд үзсэн тэр нийгмийг буй болгож, Монгол хүн бүр чинээлэг амьдрах хөрс бүрдэнэ гэдэгт итгэж байв.  Монголчууд  чинээлэг амьдарч чадна гэдэгт тэр итгэж байсан шигээ өнөөдөр ч итгэсэн хэвээр.

Монголынх байх ёстой

Ардчилсан хувьсгалын дараа байгуулагдсан олон намын төлөөлөл бүхий Засгийн газрын шийдвэрээр Монгол хүн бүр өмчтэй болж, ягаан цэнхэр тасалбараар иргэн бүрийн гарт ирэв. Монгол Улс тухайн үед 33 тэрбумын үндсэн хөрөнгөтэй байсныхаа 22 тэрбумыг ард иргэдийнхээ өмчлөлд өгье гэж шийдсэн тухай Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн ярьсан байдаг.  Гэхдээ бэлэн мөнгөөр биш өмч хувьчлалын тасалбар хэлбэрээр. 1994 он хүртэл үргэлжилсэн энэ ажиллагаа зөв эхэлсэн ч ард иргэдэд үнэхээр мэдлэг мэдээлэл үгүйлэгдэж байлаа.
1996 он гэхэд Монголын томоохон үйлдвэрүүд үндсэндээ эзэнгүйдэж, унах нь унаж, зарим нь хөл дээрээ дэнжигнэж байв.

1994 онд Оны залуу эдийн засагч
1995 онд Монгол Улсын есөн алдартны нэг
1996 онд Шилдэг эдийн засагч
1997 онд Шилдэг бизнэсмэн
2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнуулж байсан.

----------------------------------------------------------------------------------------------------------

Хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээлийн талаар олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан Х.Баттулга өөртөө хамгийн ойр бизнес гэж үзсэн учраас Улаанбаатар, Баянгол зочид буудлын хувьцааг худалдан авч эхэлжээ. Гэхдээ Улаанбаатарынхаа хувьцааг зарж, харин Баянголын нийт хувьцааны 51 хувийг түүний байгуулсан ”Женко” компани эзэмших болов. Нэгэн цагт үүдээр нь ганц хоёр долларын наймаа хийж, тамирчныхаа хөлс дуслуулан хөдөлмөрлөсөн өдрүүдийнхээ дурсамж бүртэй холбогдсон Баянгол зочид буудлынхаа дийлэнх хувьцааг эзэмшигч болов. Амьдрал баян. Өнөөдөр та хэн ч болсон бай өчигдөр хэн байснаа мартах учиргүй гэж тэр хэлдэг.

1996-2000 онд Засгийн газар томоохон үйлдвэрүүдийг хувьчилсан юм. Тэр үед Засгийн газар энэ том үйлдвэрүүдийг цаашид тэжээгээд явах чадал ч үгүй байсан биз. Гол нь хувийн хэвшлийн менежментээр ажиллавал үйлдвэрүүд ашигтай ажиллах, шинэчлэл хийх боломж нь илүү гэж үзэж байв. “Мах импекс” буюу тухайн үеийн Махкомбинатын дарга анхлан түүнд өөрийн үйлдвэрийн хувьчлалд оролцохыг санал болгосон гэдэг. Улс үндэстний оршин тогтнохын баталгаа болсон хүнсний аюулгүй байдлаа бодсон ч “Мах импекс”-ийг Монгол хүн эзэмших ёстой. Тухайн үед мөнгө хөөсөн бизнесээс мэдэрсэн алдаа нь түүнийг эх орныхоо хүнсний үйлдвэрлэлийн салбарт ажиллах шийдвэр гаргахад ч нөлөөлж. Тэрбум тэрбумын алдагдал үүрчихсэн, тоногдож нооройсон “Мах импекс”-ийн төрийн мэдлийн 51 хувийг Х.Баттулга авснаар өнөөдөр 300 гаруй ажилтантай, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг,  орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Монголын урдаа барьдаг тэргүүлэх компани болжээ.

Харин “Талх чихэр” ХХК-ийн хувьд гол хувьцаа эзэмшигчид нь 1,8 сая доллараар банкны барьцаанд тавьчихаад өрөө төлж чадахгүй банкинд алдсан байсныг худалдаж авсан хэмээн тэрээр өгүүлдэг. Үйлдвэрүүд нь өдөр ирэх тусам өргөжин, текник технологийн шинэчлэл хийж, дэлхийн стандартыг хангасан, дотооддоо төдийгүй гадаадын зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.  “Мах импекс”, “Талх чихэр” ХХК нь үргэлж амжилтаа ахиулж, монгол хүнийг эрүүл хүнсээр хангах зорилгоо хэрэгжүүлж, шинэ техник технологи нэвтрүүлж, дэлхийтэй хөл нийлүүлж, монгол брэндийг нь санал болгосоор.

Үндэсний эдийн засгийн дархлааг хамгаалах сэтгэл түүнд эртнээс суусан нь олон зүйл дээр ажиглагддаг. “Петровисын” гэж овоглогддог  Ж.Оюунгэрэлийг НИК-ийн хувьчлалд оролцож гадаадынхантай өрсөлдөж, ялагддагийн даваан дээр Х.Баттулга “Стратегийн энэ чухал компаниа монголчууд бид өөрсдөө эзэмших ёстой” хэмээн түүнд шаардлагатай хөрөнгө оруулалт хийн дэм болсноор НИК-ийг Монголдоо, монгол бизнесмэн нь авч үлдсэн гэдгийг бизнесийнхэн мэднэ. Тэр ийм л Монголоо гэсэн сэтгэлтэй нэгэн.

Ардчилалд үнэнч Бизнесмэн

Улс орны эдийн засаг, төрийн зөв бодлого бизнесийнхэнд дэм тус болж байх ёстой. Тийм ч учраас төрөөс бизнесийнхнийг дэмжих бодлого, шийдвэр гаргадаг. Гэхдээ зарим талаар тухайн салбараасаа дэндүү хөндий хол шийдвэр гарах нь нэг биш удаа давтагддаг. Х.Баттулга төрөөс гарч байгаа шийдвэрүүд амьдрал дээр бууж чадахгүй, мөн тодорхой урт хугацааны хөгжлийн бодлогууд үгүйлэгдэж байгааг хамгийн ихээр мэдэрч байв. Энэ бодлогууд коммунистын гараас биш ардчилсан үзэлтнүүдээс төрнө гэдэгт итгэж, тэдэнтэй илүү ойр байж, үзэл бодлоо хуваалцаж, бас чадлаараа дэм болохыг хичээнэ.

ОХУ-д айлчлах үеэр


УЛС ТӨР БА СОНГУУЛЬТ АЖИЛ

2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, парламентын Хүний эрхийн дэд хорооны дарга
2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд
2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүн,
2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
2006 оноос Монголын Ардчилсан Холбооны дарга
2006 оноос Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
2014 оноос Монголын малчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч
2016 оноос Олон улсын Монголч эрдэмтдийн холбооны дэд ерөнхийлөгч
2006 оноос Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн

---------------------------------------------------------------------------------------------------------


Нэгэн цагт ганзагын наймааны “офисс”-оо МоАХ-ны цагаан бай­ранд төвхнүүлж байсан учраас Ардчилсан холбоо, Ардчилсан намд илүү ойр элгэмсүү. Тэрээр үүнийгээ “Би хувийн хэвш­лээр өнөөгийн амьдрал, эрх чөлөөгөө олж авсан Ардчи­лалд үнэнч бизнесмэн” гэж хэлдэг.

2002 оны зуданд Баянхонгор багагүй хохирол амссан тухай мэдээ үзэж суусан Халтмаа гуай хүүдээ “Чи чинь бизнес энэ тэр хийдэг биз дээ. Нутгийн түмэндээ жаахан ч гэсэн дэм болох арга бод” гэж. Аавынхаа хэлснээр малын тэжээл хүргэж өгөнгөө Баянхонгор оров. Нутгийн олон элгэмсүү угтаж, нутгийн бизнесмэн хүү, нутагтаа түшигтэй дэмтэй яваарай хэмээн настнууд зорин зорин золгосон гэдэг.
Монгол илүү хурдтай хөгжих боломж бололцоо нь байсаар атал төрийн бодлого дэндүү удаан байгаа нь бизнесийн асар хурдтай ертөнцөд үргэлж шинээр сэтгэж, хатуу сахилга бат хариуцлагатай байж гэмээнэ амжилтанд хүрч чаддагийг өөрийн биеэр бусдад нотлон харуулж буй түүнд илт мэдрэгдэнэ. Тиймээс гар хумхин суулгүй 2004 оны сонгуульд өөрөө хүч үзэхээр шийдэж, аав ээжийнхээ өлгий нутгийг гэх чин сэтгэлээр Баянхонгор аймгаас УИХ-д нэр дэвшив.

БНХАУ-д айлчлах үеэр


Тэрээр “улс төрд орсон хүний нэг том өөрчлөлт бол амиа бодох эсвэл компанийнхаа хэдэн хүний амьдралыг бодох биш, гурван сая хүн яавал сайхан амьдарч болохыг бодохоос өөр аргагүй болдог юм. Үлдэцтэй, үр хойчоо бодсон юм сэдэх хэрэгтэй” гэдэг. Тиймээс хөгжлийн тухай том бодлууд өвөртөлж саарал ордонд оров.

Солонгос улсыг асар хурдан хөгжилд хөтөлсөн Ерөнхийлөгч асан Пак Жөнхый “Буурай хөгжилтэй орны хамгийн гол бодлого нь эдийн засгаа сэргээн босгоход орших учиртай. Бат бөх эдийн засгийн үржил шимтэй хөрсөнд л ардчилал үндэслэдэг юм.” гэж хэлсэн байдаг. Тэгвэл Монгол Улс ардчиллын тухай ярьсаар байгаа ч үндэслэх, өсөх бат бөх эдийн засгийн үржил шимтэй хөрсөө бэлтгэж чадаагүй хэвээр буйг анзаарч, хамгийн түрүүнд олон жил үргэлжлэх ирээдүйд чиглэсэн төрийн бодлогуудыг тодорхой болгож, хөгжлийн томоохон төслүүдийг гаргаж тавих хэрэгтэй гэсэн зорилго тавьж.
2006 онд

Монголын Ардчиллын өлгий нь болсон Ардчилсан холбоог удирдах хүндтэй үүргийг түүнд оноов. Хэзээ ч хэнээс ч юу ч горьдолгүй Монгол Улсын ирээдүйн сайн сайхны төлөө гэсэн итгэлээр, эрсдэлийг үл ажран зүтгэж, Ардчилсан хувьсгалыг авчирсан ардчиллын анхдагчид энэ төрийн бус байгууллагад харьяалагддаг. Өөрсдийгөө ардчиллын парти­занууд гэж хэлэх дуртай. Тэд Монголын үндэсний аюулгүй байдал, эрх ашгийг хөндсөн шударга бус зүйлийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Ийм итгэл үнэмшил дээр нэгдсэн ардчилсан үзэлтэй жирийн л мянга мянган хүний нэгдэл байлаа.

Үнэндээ түүний үзэл бодолтой яв цав нийлж байсан зүйл бол энэ.
Х.Баттулга УИХ-д гурвантаа сонгогдож, хоёр ч салбарын сайдын албыг хашихдаа Монголын хөгж­лийн галт тэрэг явах чиглэлийг нь юун түрүүнд тодорхой болгож чадсан.