Хэрэгтнийг нь олчихлоо. Одоо захиалагчийг нь...

Хорьдугаар зууны сүүлч үе буюу 1998 оны 10-р сарын 2-ны өдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэр үед монгол даяар цочирдон хүлээн авч, хэргийн гол буруутнаар олон хүнийг хардаж байлаа.

 

Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт түүний амь насыг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хэлэлцээд тус бүрт нь 20 жилийн ял оноож хэргийг хаалаа. Шинээр хэрэгжиж буй Эрүүгийн хуульд зааснаар бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн тохиолдолд хамгийн дээд ял нь 20 жил болсон. Мөн “Чанга дэглэмтэй” гэсэн ангилалыг хаалттай дэглэмтэй хэмээн сольсон гээд олон зүйл өөрчлөгдсөн юм. Мөн “Шунахайн сэдэл”-ээр гэсэн нь уг хэргийг захиалагчгүй мэт харагдуулсан зүйл боллоо.  

Гэвч шүүгдэгчдийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа гэдгээ илэрхийлсэн. Харамсалтай нь энэ бол эцсийн шийдвэр бөгөөд өмгөөлөгчдийн ярьж буйгаар давж заалдах нэг боломж байж мэдэх юм билээ.

 Энэ хэрэг илэрхээсээ нэгэнт өнгөрсөн гэсэн ойлголт ард түмний дунд хэдийнэ бий болчихсон байсан. Харин мөрдөгч, тусгай албадынханы олон жилийн хөдөлмөрийн дүнд ямартаа ч аллагыг гардан үйлдсэн гэх 3 хүнийг олж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ. Гэвч энэ ч бас л нийгэмд эргэлзээ төрүүлж байгаа юм. Үнэхээр насанд хүрээгүй хүүхэд, хүний эх залуухан эмэгтэй энэ хэргийг үйлдсэн бол тэдэнд хэн захиалав гэдэг асуудал гарч ирнэ. Учир нь тэд шунахайн сэдэлтэй байсан юм бол талийгаачийг гэрээс яагаад юу ч аваагүй юм бол. Ямартаа ч Монгол Улсын 3 шатны шүүх шийдвэрээ нэгэнт гаргасан учраас дээрх 3 хүн С.Зориг агсныг хөнөөсөн гэдэгт итгэж байна. Хэлмэгдүүлдэг, гэмт хэрэг тохдог байлаа гэхэд арай ч гурван шатны шүүхээр ингэх нь юу л бол. Хуулийнхан, шүүхийнхэн, цагдаагийнханд баярлалаа. Та бүхэн ард түмнийхээ итгэлийг буцаан сэргээж чадлаа.

Тэгвэл та бүхэн ард түмний итгэл сэтгэлийн оройд залрахад ганцхан зүйл л үлдлээ. Тэр бол гэмт хэргийн захиалагчдийг олж илрүүлэх. Гэмтнийг нь илрүүлчихсэн юм чинь энэ бол нэг их асуудал биш байх гэж бодож байна.

Эх сурвалж: http://hardnews.mn/17804.html