Оффшор бүсэд данстай нэр бүхий 23 хүнийг шалгаж байна

Оффшор бүсэд данстай төрийн албан хаагчдад хариуцлага тооцож, мөнгөн хөрөнгийг нь Монголд оруулж ирэх шаардлага байгаа тухай шүүмжлэл сүүлийн үед олон нийтийн зүгээс эрчимжих болсон.

 

Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга хууль, хяналтын байгууллагуудад 49 хоногийн хугацаа өгч, асуудлыг яаралтай хэлэлцэж, хуулийн хүрээнд шийдвэрлэхийг үүрэг болгосон билээ. 

Иймд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлт­сээс “Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон, ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. 

Улсын Ерөнхий проку­ро­­рын газраас дээрх хэргийг мөрдөн шалгах хэд хэдэн байгууллага шалгах шаардла­гатай гэж үзэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчдийн хамтарсан аж­лын хэсэг томилсон тогтоол гаргаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулахыг дээрх байгууллагуудад даалга­жээ. Ингэснээр олон нийтийг төөрөгдөл, бухимдалд оруулж буй уг асуудал дээрх 49 хоногийн хугацаанд тодорхой болж, нэр бүхий 23 албан тушаалтныг ил тод зарлах боломж бүрдэх бололтой. 

Эх сурвалж: http://dorgio.mn/p/76919