УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас гурав хоногийн өмнө 2017 оны улсын төсөвт төсөвлөөгүй мөнгийг хүүхэд бүрт МАН-ын Засгийн газар олгосон билээ.

Энэхүү хууль зөрчсөн асуудлаа Засгийн газар залруулж, хуулийн дагуу төсөвт тодотгол хийхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт өнөөдөр 12.00 цагт шаардлага хүргүүллээ. Шаардлага хүргүүлсэний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан "Хүүхдийн мөнгөний асуудал дээр Засгийн газар улсын төсөвт тодотгол хийх хуулийн төслийг нэн тэргүүнд яаралтай оруулж ирж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай байна. Ерөнхий сайд болоод Засгийн газрын сайд нар хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох, олгоогүй мөнгийг нөхөн олгох шийдвэр гаргачихсан байгаа. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Улсын төсөвт санхүүгийн нэмэлт их үүсвэрийг заавал тусгах шаардлагатай. Улсын төсөвт тусгаагүй мөнгийг төсвөөс гадуур олгох ямар ч боломжгүй. Хэрвээ Засгийн газар төсвөөс гадуур мөнгөний зарцуулалт хийвэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл болдог. Тиймээс ч хүүхдийн мөнгөний асуудлыг хуулийн хүрээнд эх үүсвэрийг тодорхой болгож, төсвийн тодотголын хуулийн төслийг яаралтай оруулж ирэх шаарлагыг хүргүүлж байгаа юм. Хоёрдугаарт, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудал. Хэдхэн хоногийн дараа сургууль, цэцэрлэг цуглах гэж байна. Түүнчлэн цахилгаан дулаан, малчдын өвлийн бэлтгэл гээд олон асуудал хүлээгдэж буй. Тиймээс Засгийн газар Улсын Их Хуралд мэдээлэл хийх шаардлагатай байна гэж Ардчилсан намын бүлэг үзсэн. Өвлийн бэлтгэлийг хангахаар ажиллаж байгаа сайд нар буюу Боловсрол, Эрчим хүч, Хөдөө аж ахуйн, Сангийн сайд нарын мэдээллийг ирэх даваа гарагт Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдан сонсох болсон."гэв.