Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүд гарын үсэг зурж эхэлжээ

Улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлуудыг ажиглаж, сэжиг таамгуудыг сөхөж үзвэл ирэх өдрүүдэд нэн сонирхолтой улс төрийн үзэгдлүүд явагдах нь илт байна.

Эдгээр болж мэдэх үйл явдлуудын хамгийн том нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар хугацаанаасаа өмнө огцрох юм. Аливаа зүйлд нөхцөл бүрдэх гэж нэг юм бий. Тэгвэл мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар огцрох болзлоо хэдийнэ хангажээ.

Тэр нь юу гэвэл, парламентад 65 суудалтай эрх баригч намын гишүүд Засгаа газраа огцруулахаар санаа нэгдэж эхэлсэн байна. Намынх нь дотоодод Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах тухай сэдэл зөвхөн одоо хөндөгдөж байгаа биш юм. Шинэхэн байгуулагдаад ердөө зургаан сар болж амжаагүй байхад МАН-ын дотор энэ тухай яриа дуулдаж байсан удаатай.

Тэгвэл энэ удаа илүү бодитой, ажил хэрэг болох түвшинд дээрх сэдэл тэлсэн байна. Тодорхой хэлбэл, УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан мэдээлэл байна. Засгийн газрыг огцруулах үндэслэл бүхий бичигт одоогоор долоон гишүүн гарын үсэг зурсан байгаа бөгөөд цаашид энэ тоо өсч 19-д хүрэх магадлалтай байгаа аж.

Холбогдох хуулийнхаа дагуу Засгийн газрыг огцруулах үндэслэлийг парламентын 19 гишүүн дэмжсэнээр УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрддэг. Асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүдийн 51-ээс дээш хувь нь дэмжвэл саналыг хүлээж авах горимтой билээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах үндэслэлийг УИХ-ын 76 гишүүний 39 нь дэмжвэл засаг унана гэсэн үг юм.

Тэгвэл МАН-ыг төлөөлөн УИХ-д суугаа 65 гишүүний 28 нь дэмжсэн тохиолдолд засаг унах нь тодорхой болно. МАН-ын даргын өрсөлдөөнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлаас хамаарч, У.Хүрэлсүхийг намын даргад дэмжихээ илэрхийлсэн 30 гаруй гишүүн байгаа нь Засгийн газрын хувь заяаг улам бүрхэгдүүлж байгаа аж.

 

Б.Хурцболд

WWW.ZINDAA.MN