“Хүндрэлтэй төрсөн” хуулийн хугацаа хойшиллоо

Өмнөх парламент бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлээд дуусдагийн даваан дээр дуулиан шуугиантайхан баталсан хууль бол Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль. Мөн түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дагалдан гарах бусад хуульд. Хэлэлцэх асуудлын дарааллаас гэнэт хасагдах, хэрэгжүүлэх үүрэгтэй субьектийн удирдлагууд нь хойшлуулах хүсэлт тавих, холбогдох Байнгын хорооны гишүүд нь хаяж гарах гээд энэ хууль “төрөх” үйл явц тун хүнд байлаа.

Монгол Улсын ялын бодлогод том өөрчлөлт орж байв

Гэсэн атал 2012-2016 оны УИХ-ын сүүлийн чуулган дээр эцсийн хэлэлцүүлгийг нь хийн алх цохисноор Монгол Улсын ялын бодлогод том өөрчлөлт орж байв. Эрүүгийн шинэ хуулиар хорихоос бусад ялын төрлийг нэмэгдүүлж, торгох, гэрийн хорионд байлгах, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хасах ялыг түлхүү хэрэглэх, баривчлах ялыг хасаж, хорих ялын доод хэмжээг нэг долоо хоногоос гурван сар хүртэл байхаар зохицуулж өгсөн.

Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тохиолдолд ялыг хөнгөрүүлэх заалттай. Энэ нь гэмт хэрэгтнийг “өршөөсөн” гэхээсээ илүү хохирогчийг хамгаалсан бодлого гэж тайлбарлаж байв.

Тэгвэл шинэ УИХ байгуулагдсаны дараа ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Эрүү болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулж, 2017 оны долдугаар сарын 1-нээс эхлүүлэх төсөл өргөн барьсан нь том маргаан дагуулж байна.

Хуулийн хэрэгжилтийг хойшлуулах асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхэлсэн бөгөөд одоохондоо Ардчилсан намын бүлэг завсарлага авчихаад буй. Даваа гарагт тус намын бүлэг энэ асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Гэвч хуулийг хэрэгжүүлэх гол субьект болох ШШГЕГ, цагдаа, прокурор, ХЭҮК зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл харагдсангүй.

Харин Хууль зүйн сайд С.Бямбацогт, дэд сайдын хамт ирсэн ч, хэлэлцүүлгийг хаалттай горимд шилжүүлээгүй гэдэг шалтгаанаар гарч явсан юм.

Хэлэлцүүлэгт ирсэн төлөөллийн заримынх нь байр суурийг дор хүргэе.

С.БЯМБАЦОГТ: ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ МӨНГИЙГ ТӨСӨВТ СУУЛГААГҮЙ

Хууль зүйн сайд-Хуулийг баталсан боловч эцсийн найруулгыг нь сонсож, ёсчлоогүй. Тиймээс хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах боломжгүй болсон. Тухайлбал, дээрх хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 70 орчим журмыг олон субьект дангаараа болон хамтарч батлахаар заасан. Харамсалтай нь, Эрүү болон Зөрчлийн тухай хуулийг дагаж гарах ёстой таван хууль маань ёсчлогдоогүй учир энэ журам, зааврыг батлах боломжийг хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад олгохгүй байна.

Мөн хууль хэрэгжүүлэх хүрээнд зөвхөн ШШГЕГ-т гэхэд 1500 орчим орон тоо шинээр бий болгох шаардлагатай. Мөн тус газар дээр хаалттай болон нээлттэй хорих ангиудыг шинээр барих шаардлагууд гарч байгаа. Үүнд 91 тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ мэт ажлыг зохион байгуулах мөнгийг төсөвт суулгаагүй. Иймэрхүү олон нөхцөл байдлын улмаас Эрүү болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх боломжгүй байна.

Л.БОЛД: ЭРХ БАРИГЧИД ЭНЭ ХУУЛИАР ЗАЛЬ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА

УИХ-ын гишүүн-Дургүйд хүчгүй гэдэг л болж байна. Өмнөх УИХ тодорхойгүй шалтгаанаар ажлаа дуусгаж чадалгүй тарсан нь үнэн. Үүний цаана нам, үзэл бодол хоорондын тэмцэл гэхээс илүү маш олон хүний эрх ашгийг хөндөж байгаа нь харамсалтай. Энэ асуудлаар байгуулагдсан Ажлын хэсэгт холбогдох яамны төлөөллүүд орсон. Тэд “Бүх зүйл бэлэн. Ёсчлох дутуу байна” гэж хэлдэг.

Энэ хуулиуд 1990 оны ардчилсан хувьсгалтай тэнцэх хэмжээний нийгмийн ололт байсныг буцааж байна. Би яг үзмэрч шиг хэлэхэд эрх баригчид энэ хуулиар заль хэрэглэж байгаа юм билээ. Тэр нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой.

Ажлын хэсэгт орсон МАН-ын “Бид угаасаа энэ хуулийн эсрэг байгаа. Тиймээс татаж авна” гэж мэдэгдсэн. Монгол Улсын түүхэнд анх удаа эцсийн найруулгыг нь сонсохгүй байж байгаад буцааж татах түүх гарах гэж байна.

М.ИЧИННОРОВ: УЛС ТӨРИЙН ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛ ДУТСАН

Хүний эрхийн хуульч-Хуулийг батлахын тулд өнгөрсөн дөрвөн жил хамгийн их чармайлт гаргаж ажилласан. Энэ бол Монгол Улсын Хууль зүйн яам болохоос МАН-ынх биш гэдгийг хэлмээр байна. Эрүү болон Зөрчлийн тухай хууль бол хүний эрхийг дээрдүүлсэн заалттай. Тиймээс түүнийг хойшлуулж, дордуулахыг эрс эсэргүүцэх ёстой. Мөн хорихоос өөр төрлийн ял төсөвт дарамт гэхээс илүү харин ч хэмнэлттэй байдаг.

Гэрч хохирогчийг хамгаалах хуулийг баталсны дараа хэн ч сургалт хий гээгүй. Би Гэрч, хохирогчийг хамгаалах төвийн даргын хувьд сайн дураараа сургалт хийдэг байсан.

Төрийн байгууллагаас гадна төрийн бус байгууллага, гаднын донор орноос хөрөнгө босгоод ч сургалт зохион байгуулж болно. Энэ бол цэвэр улс төрийн хүсэл эрмэлзлэл. Харин Эрүү болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд ийм хүсэл эрмэлзлэл дутаж байна уу даа гэж бодож байна.

Ц.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХГҮЙ БАЙХ БАЙЛАА

УИХ-ын гишүүн асан-Энэ хуулийг хэлэлцэж байх үед Хууль зүйн байнгын хороонд байсны хувьд маш их харамсаж байна. МАН-ын буцаан татах гээд байгаа хууль хэний эрхийг хамгийн их зөрчих вэ гэвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд юм. Есдүгээр сарын 1-нээс эхлээд хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа тохиолдолд иргэн бүр үүнийг мэдээлэх үүрэгтэй болж байсан. Хэрэв тэр үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн хуулиар өөрөө хариуцлага хүлээх орчин бий болох байлаа.

Тэр бүхэн одоо алга болох нь. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул тулгарсан тохиолдолд цагдаагийн алба хаагч эхний дуудлага болгож газар дээр нь очих ёстой байлаа. Энэ бас хүчингүй болж байна. Өмнөх парламентын үед энэ хуулийг батлах гэж ихээхэн маргаан гарч байсан. Тиймээс чуулганы хамгийн сүүлийн өдөр батлаад, ёсчилж амжаагүй.