Дундговь аймгийн нутагт оторлохыг хоригложээ

Аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ захирамж гаргаж, Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний голомт нэмэгдэж байгаатай холбогдуулан Дундговь аймгийн нутаг дэвсгэрт мал оторлон орж ирэхийг өнөөдрөөс эхлэн хориглов. Өөрийн аймгийн малчдыг ч гадагш отор нүүдэл хийхгүй байхыг сануулж байна.

 

Өнгөрөгч долдугаар сарын гуравдугаар 10 хоногоос эхлэн Дундговийн нутгаар бороо хуртай, наймдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар нутаг дэвсгэрийн 60 илүү хувьд зуншлага хэвийн болж, бэлчээрийн ургамлын гарц сайжирсан гэдэг ажиглалтын мэдээг аймгийн УЦУОШГ гаргасан. Гантай болон гандуу нутаг байхгүй. Өмнөх сарын эхний үеийнхээс зуншлага эрс сайжирчээ. Иймээс зэргэлдээ аймгаас төдийгүй аймаг алгасан малчид малаа оторлуулахаар түрүүчээсээ зорьсон байна.

Гэвч шүлхий өвчний улмаас 3 сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, өвчлөл буурахгүй, голомтын бүс нутаг өргөн цар хүрээг хамарсан шинжтэй байгаа тул ялангуяа малын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах арга хэмжээ авч байгаа юм. Үүний тулд өөр аймаг, сумын нутгаас чиглэх отор нүүдлийг цөөн дээр нь зогсоож, цаашид отор нүүдлийг хориглох нь зүйтэй гэж үзжээ. Малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж ажиллахыг бүх сумын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.