МАН-ын Удирдах зөвлөлийн хурал маргааш болно

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал маргааш хуралдах аж. Удирдах зөвлөлийн хурлаар цаг үеийн асуудлыг хэлэлцэж, мөн Бага хурлыг товыг гаргаж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ.

 

МАН-ын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлыг Есдүгээр сард хийнэ гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, тэрбээр "2017.07.08-ны өдрийн МАН-ын удирдах зөвлөлийн #албан ёсны хурлын шийдвэрийг 2017.07.19-ны өдөр сошл хаягуудаараа дамжуулан олон нийтэд мэдээлснээ дахин хариуцлагатайгаар хэлье" гэсэн юм. 

2017.07.08-ны өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн 10 дугаар хурлаар МАН-ын дарга М.Энхболд дараах асуудлыг оруулж хэлэлцүүлжээ. 

Үүнд:

1. Ард түмний сонголтыг хүндэтгэн үзэж, шинэ ерөнхийлөгчийг наадмын өмнө тангараг өргүүлэх,

2. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар анализ хийж, дүгнэлт гаргах,

3. 2017 оны 09 дүгээр сард намын бага хурлыг зарлан хуралдуулах, сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлтийг хэлэлцэх, намын их хурлыг товлон зарлах,

4. МАН-ын ээлжит их хурлаар өнгөрсөн 27 дугаар их хурлаас хойших үр дүн, алдаа дутагдлыг авч хэлэлцэх, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, шинэ удирдлага 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй хэмээн санал оруулсныг Удирдах Зөвлөлийн гишүүд дэмжсэн болно.

Тэгэхээр энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар 9 дүгээр сард хуралдах МАН-ын Бага хурлын товыг гаргаж болзошгүй.