А.Ганбаатар 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийлээ

Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжихыг завдсан хэрэгт буруутгагдаад буй МАН-ын гишүүн А.Ганбаатар өнөөдөр хуульчдын хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Хэвлэлийн хурлын эхэнд 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэгийг эвлүүлэг байсан гэв. Тодруулбал, Тэрбээр, "Миний өөрийн компанийн “Шинэ Монгол хаад” группын дөрвөн давхрын өрөөнд уулзалт болсон нь үнэн. Гэхдээ тэр бичлэгт уулзалтад байсан хүмүүсийнх нь яриа байхгүй, уулзалтад байгаагүй хүмүүсийн дуу хоолойг эвлүүлж оруулсан байна лээ. Тэрхүү уулзалтад нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд М.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Доржзодов болон миний бие байсан. Энэ уулзалтад 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал огт гараагүй гэдгийг Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар яагаад ярихгүй байгаа нь сонин байна.

Гэтэл иргэн Г.Доржзодов өөрийнхөө хийсэн зүйлийг биднийг хийсэн мэтээр ярьж, ойлгуулж байна. Бид олон ч хүнтэй уулзалт хийж, тэр бүгдэд иргэн Г.Доржзодов хамт байдаг байсан. Тэр уулзалтуудын бичлэгүүдээ эвлүүлж, тарааж байна. Тухайн өдөр бидний уулзсан уулзалтыг баримтжуулах гэрэл зураг, өөр баримтууд бий. Гэхдээ хуулийн байгууллагаар шалгаж байгаа учраас зарим асуудлыг ярих боломжгүй. Хуулийн байгууллага шалгаж, хэн нь үнэн ярьсан, хэн нь үйлдэл хийснийг тогтоосны дараа би тодорхой баримт материалуудыг олон нийтэд дэлгэнэ" гэв.

Харин түүний өмгөөлөгч Ц.Энхтайван хэлэхдээ, "90 минут болон 40 минутын бичлэгийн асуудалд эрүүгийн хэрэг үүсгээд хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Энэ хэргийг шалгаж дууссаны дараа бид асуудлыг ярина. Ажиглаад байхад сонгууль дөхөхөд ийм асуудал гараад байдаг. УИХ-ын сонгуулийн үеэр улс төрийн үйл ажиллагаа идэвхжээд ирэх үед 60 тэрбумын асуудлыг хөндөөд гаргаад ирсэн. Дараагаар нь бүтэн жил чимээгүй байж байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ хэргийг дахин сөхсөн. Дахиад бас 40 минутын бичлэг гээд гаргаад ирчихсэн. Бид энэнд оролцож байгаагүйн хувьд манай үйлчлүүлэгч үүнд маш их харамсаж байна" гэсэн юм.