3D хэвлэгчээр хэвлэсэн анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө

Пүрэв гарагт сансрын нисгэгчид дэлхийн хамгийн анхны 3D принтерээр бүрэн хэвлэсэн хиймэл дагуулыг хөөргөсөн байна.



ОХУ-ын сансрын нисгэгч Фёодор Юрчикин болон Сергей Рязанский нар 5 нано хиймэл дагуулыг хөөргөжээ. 30-60 сантиметр харьцаатай бага оврын сансрын хөлгийг Олон улсын сансрын станцаас /ОУСС/ аюулгүй хөөргөжээ.

Хамгийн эхэнд хөөргөсөн хиймэл дагуулын гаднах бүрхүүлийг 3D принтерээр хийсэн бөгөөд зай хураагуурыг нь ч мөн адил хийсэн байна.

Судлаачид 3D принтерээр бүтээсэн хэсгүүд сансрын орчинд хэр тэсч чадахыг харахыг хүсчээ. 3D хиймэл дагуул нь ердийн цахилгаан тоног төхөөрөмжтэй. Түүнчлэн Сибирийн Томск политехникийн их сургуулийн оюутнууд уг хиймэл дагуулыг бүтээхдээ олон төрлийн хэлээр эх дэлхийд мэнд хүргэхээр бүтээсэн аж.

Пүрэв гарагт хөөргөсөн бусад хиймэл дагуулууд нь уламжлалт сансрын хөлгийн эд ангитай ажээ. Тус бүр 4-10 кг жинтэй. Хиймэл дагуулууд 5-6 сар сансрын тойрог замд байх төлөвтэй байна.

1957 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ЗХУ-ын анхны “Спутник -1” хиймэл дагуулын 60 жилийн ойд нэгийг нь зориулан бүтээсэн байна. Нэгийг нь Оросын пуужингийн эцэг гэгддэг Константин Циолковскийд зориулан бүтээжээ. Ирэх сард түүний мэндэлсний 160 жилийн ой тохиох юм. Үлдсэн хоёр жижиг хиймэл дагуул нь навигаци болон бусад туршилтын зорилгоор ашиглагдах юм.

Ф.Юрчикин, С.Рязанский нар хиймэл дагуулуудыг ганцхан цагийн дотор хөөргөж чаджээ. Хиймэл дагуулуудыг хооронд нь 1 минутын зайтай хөөргөсөн байна.

Сансрын нисгэгчид 400 км өндөрт гарч шинжлэх ухааны туршилт хийдэг бөгөөд төрөл бүрийн гадаргуугаас хуримтлагдсан тунадасыг алчуурт шингээн авч задлан шинжилдэг ажээ.