​Р.Амаржаргал: Мэргэжлийг нь асуухаар зарим хүн “Намын гишүүн” гэх юм

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай цөөн хором ярилцлаа. Монгол Улсад улстөрийн тогтворгүй байдал үүсвэл эдийн засагт хэрхэн нөлөөлөх тухай, эдийн засгийн тулгамдсан цаг үеийн зарим асуудлаар түүнтэй ярилцсан юм. 

-Монгол Улс он гараад Чингис бондын 500 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх хуваарьтай байгаа. Ер бондын энэ төлбөрөө барагдуулах нөөц боломж Засгийн газарт байна уу?

-Уг нь бондын хөрөнгө оруулагч нартай уулзахад нэлээд өөдрөг сэтгэлтэй байсан. Олон улсын зах зээлд Монголын Засгийн газрын бондын эрэлт нэмэгдэх хандлагатай байна, бид дахиад хөрөнгө оруулах бололцоотой гэдгээ илэрхийлж байсан. Энэ хэрээр дөрөв, тав, зургадугаар сард олон улсын зах зээл дээр Засгийн газрын бондын эрэлт маш сайн байсан. Засгийн газрын бондын эрэлт сайн байгаа энэ байдал цаашид хадгалагдаад явбал 2018 оны эхээр төлөх бондын эргэн төлөлтийг хямд бонд гаргаж солих боломжтой байсан. Харин өнөөдөр засаг төрийн тогтворгүй байдлаас болж хөрөнгө оруулагчид Засгийн газрын бондыг сонирхохоо больж магадгүй байдал үүслээ. Эрэлт байхгүй боллоо гэсэн үг. Ийм нөхцөлд он гараад төлөх өрийн асуудал нэлээд хүндэрнэ. Тиймээс бондын эргэн төлөлтөд өнөөдрөөс анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, он гартал гэж хүлээхгүйгээр бондын эргэн төлөлтийн менежментээ өнөөдрөөс хийх ёстой. Бондынхоо хугацааг сунгах, эсвэл өмнөх зээлийн хүүний нөхцөлийг нь өөрчилж, дахин санхүүжүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Үүнийг хамгийн түрүүнд барьж авч, хийх ёстой байгууллага нь Сангийн яам. Сангийн сайд энэ чиглэлд анхаарч, олон хувилбарыг гаргах хэрэгтэй. Олон улсаас дахин бага хүүтэй мөнгө босгохын тулд зээлжих зэрэглэл сайн, засаглал тогтвортой байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр бид дотроо ямар байгаагаа хар л даа. Хамгийн их санаа зовоож байгаа нь бидний дотоодын байдал л байна. Нэмээд саяхнаас Засгийн газрыг огцруулах асуудлыг гаргаад ирлээ. Энэ нь улс орон, хөрөнгө оруулагчдад мэдээж сайнаар нөлөөлөхгүй. Ямарч нөхцөлд улс төрийн байдал нь эдийн засгийн индикатор болдог. Тогтвортой бол сайн, тогтворгүй бол муу индикатор болдог.

-Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Эрх баригч намын зарим гишүүний зүгээс муу ажилласан гэж үзээд огцруулах саналд гарын үсэг зурсан гэдгээ илэрхийлсэн. Таны хувьд энэ Засгийн газрыг хэр ажилласан гэж дүгнэх вэ?

-Аймшигтай муу ажиллаад байсан зүйл алга. Үйл ажиллагааг нь өмнөх Засгийн газруудтайтай харьцуулж л ярих хэрэгтэй. 1990 оноос хойшхи Засгийн газруудтай харьцуулах айхтар сайн, эсвэл бүр муу ажилласан зүйл байхгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед эдийн засгийн үзүүлэлтүүд сэргэсэн, өссөн. Хагас жилийн байдлаар 5.3 хувийн өсөлт гаргаж чадсан нь 2011, 2012 оны эдийн засгийн өсөлтөд хүрэхгүй ч, сүүлийн 2-3 жилийнхтэй харьцуулахад муугүй үзүүлэлт. Хамгийн гол нь эдийн засагт дөнгөж тогтож эхэлж байхад дахиад Засгийн газраараа оролдож бужигнаад эхэлсэнд л санаа зовж болгоомжилж байна. УИХ-ын гишүүдийн Ерөнхий сайдыг огцруулахаар тавьсан санал нь хуулиа хэр зэрэг баримталсан юм бэ гэдгийг нь ярьж байх шиг байна. Тухайлбал, хүүхдийн мөнгөний асуудлыг төсөвт суугаагүй байхад шийдэж болж байгаа юм уу, хууль зөрчихсөн асуудал гарчихсан байна, Концессын гэрээний асуудал гарч байна. Эдгээрийг нь харахаар хууль зөрчсөн зүйл байж болно. Гэхдээ тэр нь Засгийн газрыг огцруулах хэмжээний ноцтой зөрчил мөн үү, үгүй юү гэдгээ тогтоож тэрүүгээрээ л шийдэх байх даа.

-Ерөнхий сайд, Засгийн газраа огцруулах Монголын улстөрд шинэ зүйл биш. Сүүлийн 27 жилд Монгол Улсын Засгийн газар 15 удаа солигдсон байна. Засаглалын энэ тогтворгүй байдал эдийн засагт ямар, ямар сөрөг үр дагавар авчирдаг вэ гэдгийг улстөрчид ойлгодоггүй юм биш үү?

-Үнэндээ Монголын улстөрд 1990 оноос хойш юу ч өөрчлөгдөөгүй. Өмчийг хэрхэн хуваарилж, өмчийн эзэн хэн байх вэ гэдэг тодорхой биш байна. Өнөөдөр Засгийн газраа огцруулна гэж байгаагийн цаана хөрөнгийн дахин хуваарилалт хийх тал руугаа явж магадгүй харагдаж байна. Өнөөдрөөр яривал Засгийн газрыг огцруулах сургаар гадаадын хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд эргээд орж байна. Шууд хөрөнгө мөнгө татаад явчихдаггүй юмаа гэхэд “юу болох бол, улс төр нь цаашдаа яах бол” гэсэн эргэлзээ, болгоомжлол үүсчихсэн. Аливаа юм тодорхой, чиг хандлага нь тодорхой болтол хөрөнгө оруулагчид хараад, хүлээгээд сууна. Хараад сууна аа гэдэг чинь хугацаа алдана гэсэн үг. Эдийн засагт хугацаа алдана гэдэг нь мөнгө эргэхгүй байна, зогсчихно. Энэ чинь хамгийн муу үзүүлэлт л дээ. Манай эдийн засаг улирлын шинжтэй учраас ирэх хавар хүртэл бүх зүйл зогсоно. Энэ оны хувьд нэлээд хүндрэлүүд байна. П.Сэргэлэн сайдын өгсөн мэдээллээр ургацынхаа 50-иад хувийг алдахаар байгаа харагдсан. Ургац алдана гэдэг импорт нэмэгдэнэ гэсэн үг. Импорт нэмэгдэхийн хэрээр валютын эрэлт нэмэгдэж, ханшид өөрчлөлт орно. Үүнийг дагасан олон асуудал гарна. Ер нь улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт гайхамшигтай сайн нөлөө үзүүлэхгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Харин улс төрийн бужигнаанаа хэр зэрэг хурдан шийдэх, эсвэл хэр зэрэг сунжрахаас шалтгаалж эдийн засгийн нөлөөлөл нь хүнд үү, хөнгөн үү гэдэг хамаарна. Юм хийж байгаа бол тэгээд хурдхан л хийгээд нэг тийш нь болгоод өгөх хэрэгтэй.

-Сүүлийн хоёр жилтэй харьцуулахад эдийн засагт эерэг үр дүнгүүд ажиглагдаад байна л даа. Он гарсаар нүүрс, зэсийн үнэ өссөн нь голлон нөлөөллөө. Гэхдээ түүхий эдийн үнийн өсөлт удаан хадгалагдахгүй шүү дээ?

-Өмнөх УИХ-ын үед Баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Мөчлөгийн эсрэг үйл ажиллагаа явуулахыг хуульчилсан. Түүхийн эдийн үнэ ханш өндөр байх үед нь илүүдэл орлогоо тодорхой санд төвлөрүүлж, дараа нь түүхий эдийн үнэ буурч, орлого тасалдахад Баялгийн сангаасаа авч ашигладаг систем руу оръё гэдгийг хуульчилсан. Харамсалтай нь, өнөөдөр Баялгийн сангийн хуулийн хэрэгжилт ямар байгааг мэдэхгүй байна. Үүнд л анхаарч, орлогоо зөв захиран зарцуулах хэрэгтэй л дээ.

-Та АН хэдэн хүний ХХК болсон гэж намаа хатуухан шүүмжилж байсан. Тэгвэл өнөөдөр зарим хүн АН-ын алдааг МАН нь давтах гэж яриад байна?

-Миний хувьд намын алдаатай бодлогыг шүүмжилсээр ирсэн. Зарим хүнээс ямар мэргэжилтэй вэ гэж асуухаар намын гишүүн гэх юм. Өөрөөр хэлбэл, намын гишүүн бол мөнгө олдог хэрэгсэл болчихоод байна. 1990 онд шинэчлэл эхлүүлж байхдаа бид ийм зүйл рүү орно гэж төсөөлөөгүй. Үг хэлэх эрх чөлөө гээд чөлөөтэй асуудлаа ярьдаг, хэлдэг боллоо гэж байсан ч энэ нь өнөөдөр нийгэмд хүмүүсийг үзэн ядах, талцуулан хуваах, хамгийн адгийн хэрэгсэл болгоод хувиргачихлаа. Олон намын тогтолцоог л нэвтрүүлэх хэрэгтэй, энэ л гараад ирвэл болно гэж байсан ч өнөөдөр мөнгө хийдэг механизм болоод хувиргачлаа. Чөлөөтэй шашин шүтлэгтэй байна гэсэн ч өнөөдөр мухар сүсэг нь хэмжээнээсээ давчихлаа. Тэгэхээр аливаа зүйлийг зөв зохицуулалтаар зөв удирдаж явахгүй бол дандаа сөрөг үр дагавар үүсгэдэг. Өнөөдөр нийгмийн үнэлэмж, иргэдийн итгэл үнэмшил ямар байгааг бүгд харж байна. Өмнө нь харж, тооцож байгаагүй юм руу л яваад байна. Өөрөөр хэлбэл, сөрөг талын үр дүн нь давамгайлаад байна. Бүх зүйлийг зоосны нүхээр хардаг, бүгдийг шунал хүсэл хоёртоо захируулдаг тогтолцоо чинь эргээд эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ нь нийгмийн баялгийн хуваарилалтад ч шууд харагдаад эхэллээ.

-Дундаж давхрагын ниймгийн оролцоо нэмэгдэж байна уу. Та өмнө нь дундаж давхрагын эрх ашиг байхгүй болбол дарангуйлал, популизм хүчтэй болно гэж байсан. Сүүлийн үед Монголд популизм цэцэглээд байх шиг?

-Популизм хүчтэй байгаагийн гол шалтгаан нь хүчтэй дундаж давхрага бий болж чадаагүйтэй холбоотой. Уг нь дундаж давхрага бол ардчиллын суурь юм. Ардчилал дундаж давхрага дээр босч ирдэг. Гэтэл жил ирэх тусам дундаж давхрага нь хумигдаад ирэхээр нэг бол дарангуйлал нь, эсвэл популизм нь хүчээ авдаг. Энэ өнцгөөс нь харвал популизм давамгайлж байгаа нь дундаж давхрагын хөрс суурь байхгүй болж, илүү хумигдаж байна гэж дүгнэхээс өөр аргагүй.

-Энэ бүгдийг эдийн засгийн хувьд ч, улстөрийн хувьд засах, сайжруулах гол арга замыг нь Та юу гэж харж байгаа вэ. Өнөөдрийн нөхцөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь засаглалын тогторгүй байдлыг засах гол арга зам нь мөн юм уу?

-Мэдээж зүгээр суугаад байж болохгүй. Үндсэн хууль, засаг төрийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах нь чухал. Зөв хүнийг зөв цагт гаргаж тавьдаг механизмууд хэрэгтэй, боловсон хүчний шилж сонголтын асуудал, улс төрийн намуудын төлөвшлийн асуудал гээд энэ бүгдийг заавал ярьж, хийх ёстой. Гэхдээ том зургаар нь харвал үе солигдох л асуудал байгаа юм. Бүхэл бүтэн үе, магадгүй тэрний дараагийн үе солигдож бүгд нэгдсэн нэг ойлголттой, нэг нэр томьёо хэрэглэдэг болж л цааш явах ёстой байх. Өнөөдөр тэс ондоо үнэлэмж, категориуд л үйлчлээд байна.

-Улс төрийн намууд, ялангуяа АН-ынхан эрх баригч намыг олонхиороо хүч түрэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэдэгт нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. МАН-ынхан өөрсдийн эрх ашигт нийцүүлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж хардаж байна л даа.

-Хуулиараа 65 гишүүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх нь байгаа. Гагцхүү үүнийгээ ямар механизмаар яаж дамжуулж хийх вэ гэдэг л чухал. Улс төрийн хариуцлага, үүрэг, улс төрийн ирээдүйг харах чадвар, тухайн намын өөрийнх төлөвшлийн асуудлыг бодолцож шийдвэр гаргах хэрэгтэй гэж бодож байна. Ер нь тэгээд Үндсэн хуульд яг асуудал байна уу, эсвэл Үндсэн хууль уншиж байгаа хүндээ асуудал байна уу, Үндсэн хуулийг өөрийн эрх ашигт захируулах гээд байгаа тэр бүлэглэлийн эрх ашигт асуудал байна уу, үгүй юү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй юм.

Эх сурвалж: http://itoim.mn  Э.Мөнхцэцэг