Доктор Т.Эрдэнэбаяр: Мао Зэ Дүн тунхагтаа “Дайнд ялвал өвөрмонголчуудад өөртөө засах оронг байгуулж өгнө” гэсэн байдаг

“XX зууны монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал наймдугаар сарын 28-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд болж байна. Энэ үеэр “20-р зууны дэлхийн дайны дараах Өвөрмонголын нийгмийн байдлын тухай” сэдвээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөрмонголын их сургуулийн доктор Т.Эрдэнэбаяр илтгэл тавьсан юм.

Түүнтэй илтгэлийн сэдэвтэй нь холбогдуулж, ярилцлаа.

-Дайны дараа Өвөрмонголын нийгэм ямар байдалтай байсан бэ. Та судалгаандаа юуг онцолж тавьж байгаа вэ?

-20-р зууны дэлхийн дайны дараах Өвөрмонголд 1931 онд Японы түрэмгийлэгч Манж Го улс байгуулагдсан. Дараа нь япончууд Өвөрмонголын баруун зүг рүү түрж орж, түрэмгийлсэн байдаг. Японы түрэмгийллийг зогсоохоор Монгол, Оросын цэрэг Өвөрмонгол руу ирснээр чөлөөлөгдсөн.

Тэр үед Өвөрмонголын нутаг улс төрийн хувьд Дундад иргэн улсын засаг захиргаанд байсан. Дайны дараа Өвөрмонголын баруун баарин тал Ордос, Улаан цавын нутаг нь Хятадын мужид харъяалагддаг байжээ. Жишээ нь, Шилийн голын захын нутгууд Цахар мужид хамраагддаг байсан гэх мэт засаг захиргааны хуваарилалттай байсан. Мөн Өвөрмонголын харчинчууд Ляо нин мужид хамааралтай байсан байна.

-Тэр үед Өвөрмонголчуудын амьдрал ахуй ямар дүр төрхтэй байв?

-Өвөрмонголчууд амьдралын хувьд Японы дарангуйлал, түрэмгийлэлийн дор байсан. Дөнгөж чөлөөлөгдөж, Монгол, Оросын цэргүүдэд өвөрмонголчууд хүнсний мал ахуй гаргаж өгч байсан нь судалгаанаас харагддаг. Үүний зэрэгцээ өвөрмонголчуудын ахуй амьдрал их ядуу, дарамттай амьдарч байсан юм билээ.

Өвөрмонголчуудыг дарангуйлал,түрэмгийллээс чөлөөллөхөөр Орос, Монголын цэргүүд машин тэрэг, мотоцикельтэй орж ирсэн. Тэр үед хөдөө нутгийн өвөрмонголчууд мотоцикель, машин тэрэг хараагүй, сонирхон гайхаж байжээ. Тэд машин, мотоцикелийг морь,үхэр хөллөж явдаг тэрэг гэж бодож байсан гэдэг. Машин техникийн зүйлийг нутгийн гүнд амьдардаг өвөрмонголчууд үзээгүй, амьдрал тарчиг байсан нь түүхээс харагдаж байгаа. Тухайн он жилүүдэд хөдөө, орон нутгийн өвөрмонгол хүмүүс хөгжилтийг үзээгүй байсан юм.

-Өвөрмонгол Армонгол улстай нэгдэх шаардлагатай юу. Та судлаачийн хувьд хэрхэн үздэг вэ?

-Дундад улсын Эв хамт намын харъяалалд өвөрмонголчууд хамаарагддаг байлаа. Чан Кай Шигийн гамингийн Засгийн газар дотоодын дайнд ялсан бол өвөрмонголчууд хэдэн мужид хуваагдаад, хэл соёлоо алдсан байх байлаа.

-Тайван Улсын тухайн үеийн удирдагч байсан Чан Кай Шигийн үед үү?

-Тийм. Тэгэхээр Дундад улсын Эв хамт намын удирдагч Мао Зэ Дүн 1935 онд өвөрмонголчуудад хандсан тунхаг гаргасан байдаг.

-Ямар тунхаг?

-Өвөрмонголчууд өөрийн амьдарч байгаа угийн газар нутаг дээрээ амьдрах эрх чөлөөтэй гэж тунхагтаа мэдэгдсэн байгаа юм. Тэр үед Мао Зэ Дүн удирдагч тунхагтаа “Бид дотоодын дайн болон хожмын дайн, тулалдаанд ялж, амжилт байгуулвал өвөрмонголчуудад өөртөө засах оронг байгуулж өгнө” гэсэн байдаг. Ингээд дотоодын дайнд үнэхээр ялсан. Үүний дараа Өвөрмонголын өөртөө засах орон гэж бий болсон түүхтэй.

Б.Баярмаа