Шүлхийн хөл хорио 28 хоног үргэлжилнэ

Нийслэлийн онцгой комиссын Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас шүлхийн хөл хорио тогтоогоод байгаа Хан-Уул дүүргийн онцгой комисст зөвлөмж хүргүүллээ.

 

Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зөвлөмжийн талаар “Хан-Уул дүүргийн хөл хорио тогтоосон бүсэд 860 гаруй өрхийн 2900 орчим иргэн бий. Хуулийн дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилнэ. Харин орц гарцыг ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ганц бүсээр нэвтрүүлэхээр боллоо. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор тухайн бүс нутагт байгаа иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд явуулах талаар мэргэжлийн байгууллагатай ярилаа. Эцсийн шийдвэр дүүргийн онцгой комиссоос гарна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.