Есдүгээр сарын 1-нээс өмнө анхаарах 12 зүйл

Сургуульд бэлтгэнэ гэдэг сурагчдын төдийгүй эцэг эхчүүдийн толгойн өвчин болсон асуудал билээ. Үүнд зөвхөн хичээлд шаардлагатай зүйлсийг худалдан авах ордоггүй. Үүний зэрэгцээ хүүхдүүдээ хичээлийн шинэ жилд сэтгэл зүйн хувьд бэлтгэх ч хамаатай л асуудал. Тэгвэл хүүхдүүдээ ирэх зуныг хүртэл тав тухтай суралцахад нь хэрхэн бэлтгэх вэ?

1. ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙГ НЬ ХУДАЛДАН АВ

Хүүхдийнхээ нуруунд өөрчлөлт өгөхөөргүй үүргэвч сонгож аваарай. Харин үүргэвчний өнгө, зургийг хүүхэд өөрөө сонгог. Ингэснээр тэр сургуульд орно гэдэг баяртай, ямар нэгэн таатай үйл явдал хэмээн хүлээн авна. Үүнээс гадна хүүхдэдээ хичээлдээ өмсөх хувцсаа сонгох эрх олгоорой. Ижил дүрэмт хувцас өмсдөг бол гутал, пүүз, үсний зүүлт гээд сонголтыг хүүхдэдээ үлдээ.

2. БИЧГИЙН ХЭРЭГСЛЭЭС ХЭМНЭЖ БОЛНО

Хэмнэнэ гэдэг чанаргүй үзэг, харандаа, дэвтэр худалдан ав гэсэн үг биш. Харин илүү мөнгө зарлагадахгүйн тулд бусад эцэг эхчүүдтэй нэгдэж, бөөнөөр нь худалдан аваарай.

3. АЖЛЫН БАЙРЫГ НЬ БЭЛД

Сурагч хүн гэрийн даалгавраа хийх тусдаа ширээ, сандалтай байх ёстой. Гэхдээ компьютерийг тусад нь тавихгүй бол хүүхдийн анхаарал сарних магадлалтай. Үүнээс гадна ширээ нь шаардлагатай хэрэгслүүдээ бүгдийг нь тавих хэмжээний том зайтай байх ёстой. Хүүхдийнхээ нурууг бөгтөр болгохоос сэргийлж, сандлыг зөв сонгох хэрэгтэй. Сандал нь өндөр, намыг нь зохицуулж болдог байвал маш сайн.

4. ӨДРИЙН ЦАГИЙН ХУВААРЬ ГАРГА

Хүүхэд ядрахгүй, эрүүл саруул байвал хичээлдээ сайн суралцана. Тиймээс өдрийн хуваарь гаргаж өгөөрэй. Үүнд унтах, босох цагийг нь яг таг гаргаж, гэрийн даалгавраа хийх төдийгүй тоглож наадах, зурагг үзэх ч цаг гаргах ёстой. Амралтын үеэр ч цагийн хуваарийг нь алдагдуулахгүйг хичээгээрэй.

5. ХЭТЭРХИЙ ИХ БЭЛДЭЖ ХЭРЭГГҮЙ

Олонх эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд бэлтгэж байна гээд бүтэн жилийнх нь хичээлийн хөтөлбөрийг өмнө нь заагаад өгчихдөг. Мэдээж хүүхэд хичээлийн шинэ жилдээ бэлтгэсэн байх нь сайн хэрэг. Гэхдээ мэддэг зүйлийг нь заагаад байхаар хүүхдэд сонирхолгүй, уйтгартай санагдаж болзошгүй гэдгийг анхаараарай.

 6. ХҮҮХДЭЭ ХИЧЭЭЛД ДАСГА

Зуны амралтаар хүүхдүүд бичгийн ажлаас хөндийрсөн байдаг. Тиймээс хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бага зэрэг чээж бичиг хийлгэхэд зүгээр. Энэ нь хүүхдийг өмнөх жилийн хөтөлбөрөө эргэн санахад туслаад зогсохгүй гарын булчинг нь дараагийн ачаалалд бэлтгэж байгаа юм.

7. ХАРААГ НЬ ШАЛГУУЛ

Хүүхэд самбар, сурах бичиг дээр бичсэнээ сайн харахгүйгээс болж сурлагаар хоцрох нь бий.Үүн дээр тухайн хүүхэд ичимхий бол энэ асуудлаа эцэг эхтэйгээ хуваалцаж ч чаддаггүй. Тиймээс хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө харааг нь шалгуулчихад гэмгүй.

8. ХЭТЭРХИЙ ИХ АЧААЛАЛ БҮҮ ӨГ

Хичээлийн шинэ жил гэдэг хүүхдийн хувьд асар том стресс юм. Тиймээс есдүгээр сарын 1-нээс эхлэн хөгжим, бүжиг, зураг зэрэг нэмэлт хичээлүүдэд бүртгүүлээд хэрэггүй. Эс тэгвэл хүүхэд хэтэрхий ядарч, сурлагад нь муугаар нөлөөлнө. Хүүхдэдээ шинэ нөхцөл, шинэ дэглэмд дасах боломж олгох нь чухал. Ялангуяа нэгдүгээр ангид дөнгөж орж байгаа, эсвэл шинэ сургуульд шилжиж байгаа хүүхдүүдэд хамаатай.

9. САЙН ДҮН АВАХ ЁСТОЙ ГЭЖ БҮҮ АЛБАД

Олон эцэг эх хүүхдээ сургуульд орохоос өмнө сайн л дүн авах ёстой гэж шаарддаг. Энэ нь эхэн үед дүн, үнэлгээ тавьдаггүй нэгдүгээр ангийнхны хувьд сайн зүйл биш юм. Харин сайн үнэлгээ авч чадаагүй бол бусад ангийнхан болон өсвөр насныхны сэтгэцэд муугаар нөлөөлнө. Тиймээс зөвхөн онц үнэлгээ ав гэж шаардаж байхын оронд шинэ танилтай болох, сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл олж авахыг чухалчлаарай.

11. ШИНЭ НӨХЦӨЛД ДАСАН ЗОХИЦОХОД НЬ ТУСАЛ

Хэрвээ хүүхэд шинэ сургуульд орж байгаа, эсвэл өөр ангид шилжиж байгаа бол багш, ангийнх нь хүүхэдтэй өмнө нь танилцуулахыг хичээгээрэй. Үүнээс гадна танихгүй орчинд дасан зохицоход нь тусалж, хичээл эхлэхээс хэд хоногийн өмнө хүүхэдтэйгээ хамт сургуульд нь очиж, анги танхимыг нь харуулаарай.

12.АХУЙН ДАДАЛД СУРГА

Хүүхдэдээ энгийн хоол хийх, нойтон хувцас, гутлаа хатаах, аягаа угаах зэрэг энгийн дадалд сурга. Үүнээс гадна бие даан унтлагадаа бэлдэж, хичээлээ өөрөө ялгаж, маргааш өмсөх хувцсаа сонгож сургаарай. Мөн хоол идэхийн өмнө болон бие зассаны дараа гараа угаах дадлыг сануулахад илүүдэхгүй.

Эх сурвалж: www.ikon.mn Э.МӨНХЗАЯА