Монголчууд Аргентинд визгүй зорчино

Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газраас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо.

 

Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын иргэд хилээр орж, гарах болон зорчих, дамжин өнгөрөхдөө нэвтэрсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд визгүй зорчих юм. Нөгөө талын Засгийн газар зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд иргэд нөгөө улсын нутагт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Ойрын өдрүүдэд болох “Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны Дээд хэмжээний уулзалт”-ын үеэр энэ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.

Гадаад харилцааны яам харилцан зорчих асуудлыг зөвхөн дипломат болон албан паспорт эзэмшигчдээр хязгаарладаг байсныг өөрчилж, энгийн паспорт эзэмшигчдээ аль болох түлхүү хамруулахаар бусад улстай хэлэлцээ хийж байна.