"Зүүн Азийн жүдо бөхийн аварга” шалгаруулах тэмцээнд 7 орны 100 гаруй тамирчин оролцоно

Дэлхийн цэргийн спортын холбоо “Зүүн Азийн жүдо бөхийн аварга” шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

 

Тус холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу энэ сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо дээрх тэмцээнийг зохион байгуулах юм байна.

Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, БНСУ, БНАСАУ, Вьетнам зэрэг 7 орны 100 гаруй тамирчин, дасгалжуулагч, 30 орчим албаны хүмүүс оролцохоор мэдүүлэг өгчээ. Манай улс зохион байгуулагч орны хувьд эрэгтэй эмэгтэй хоёр баг оролцуулахаар бэлтгэл, сургуулилтаа хангаж байгаа аж.

Монгол Улсад анх удаа болох эл тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд болон Дэлхийн цэргийн холбооны ерөнхийлөгч Абдулхакеем Алшино биечлэн оролцох юм байна.
Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/ нь Дэлхийн II дайны дараа байгуулагдсан бөгөөд 136 орныг эгнээндээ нэгтгэжээ. Тус холбоо нь улс орнуудын Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын нөхөрлөл, харилцан итгэлцлэлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан улс орны найрамдлыг зузаатгах, энхтайвныг тогтоох зорилготой “Friendship through Sport” уриан дор үйл ажиллагаагаа явуулж буй олон улсын байгууллага юм.

Монгол Улс Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-нд 1992 онд гишүүнээр элссэн ч төсөв санхүүгийн асуудлаас шалтгаалан түр завсарлаж, 2014 оноос гишүүнчлэлээ сэргээжээ.

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-ноос зохион байгуулсан тэмцээн, уралдаан, арга хэмжээнд амжилттай оролцож өндөр амжилтуудыг гаргаж ирсэн. Тухайлбал, 2015 онд БНСУ-ын Мунгён хотноо зохион байгуулагдсан VI их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид спортын 8 төрлөөр оролцож 6 алтан медаль, 12 мөнгөн медаль, 6 хүрэл медаль хүртэж, Дэлхийн 117 орны баг тамирчдаас багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарч байв.