МАН 2020 оны УИХ-ын сонгуулиар сураггүй болох эхлэлээ тавина

 

-2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг ялуулахын төлөө, иргэд сонгогчидтой нэг бүрчлэн тулж уулзаж, ярилцаж амлалт өгсөн. Засгийн эрх бариад удаагүй Засгийн газраа огцруулчихаад одоо бид орон нутгийн иргэдэд  юу хэлээд сууж вэ-

 

Өчигдөр (2017.09.04) МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хуралдаж Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн байгаа. Удирдах зөвлөл энэ удаагийн хурлаар:

  • УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалж, цаашид чадваржуулан ажиллах:
  • Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа МАН-ын бүлгийн хүрээндээ хэлэлцэж шийдвэрлэх:
  • Намын Удирдах зөвлөлийн гишүүдийн гаргасан саналын дагуу Монгол Улсын эдийн засагт бий болж буй нааштай өөрчлөлтийг хадгалан, Намын эв нэгдлийг эрхэмлэн, аливаа улс төрийн шийдвэр гаргахдаа Намын дүрмийн хүрээнд зөвшилцлийг чухалчлан үзэх ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ.

УИХ дахь МАН-ын 65 гишүүн  дээр хоёр хуваагдсан байдалтай байгаа бол аймаг орон нутгийн удирдлага, Засаг дарга нар Засгийн газрыг огцруулахын эсрэг байр суурьтай байгаа гэнэ.

Тэд Засгийн газраа огцруулах байр суурьтай байгаа УИХ-ын гишүүдэд “Бид 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг ялуулахын төлөө, иргэд сонгогчидтой нэг бүрчлэн тулж уулзаж, ярилцаж амлалт өгч байсан. Засгийн эрх бариад удаагүй Засгийн газраа огцруулна гэдэг байж болохгүй асуудал. Бид орон нутгийн иргэдэд өнөөдөр юу хэлээд сууж байх юм бэ” гэсэн асуулгыг тавьж эхэлжээ.

УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газрыг огцруулах асуудалд цэг тавина. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нэр дэвшигчийн эсрэг ажилласан У.Хүрэлсүхийн захиалгаар эхлүүлсэн Засгийн газрыг огцруулах санал дэмжигдэж ч магадгүй. Хэрвээ иймдээ тулбал МАН 2012-2016 онд засагласан АН-ын эрх мэдлийн төлөөх эмгэнэлт дайныг давтаж, 2020 оны УИХ-ын сонгуулиар сураггүй болтол арчуулах эхлэлээ тавих юм.

shiidver-225x300 МАН 2020 оны УИХ-ын сонгуулиар сураггүй болох эхлэлээ тавина