СNN Будапештын ДАШТ-ээс "Онцлох 5"-даа Монголын жүдочдыг багтаажээ

ВАШИНГТОН. /CNN/. Өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 2-ны хооронд Унгарын нийслэл Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д 130-аад улс орны 700 гаруй жүдоч, тэдний дотор Монголоос 18 жүдоч оролцсон юм. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллага болох СNN телевиз мягмар гарагт буюу өчигдөр “Энэ ДАШТ-ээс онцлох 5 зүйл” гэсэн гарчигтай мэдээлэл гаргасан байна. "Онцлох 5"-ын гуравдугаарт нь Монголын жүдочид бичигджээ.


1.     Япон ялагдашгүй хэвээр

Японы жүдочид Будапештын ДАШТ-ий 14 жингийн ангиллын 7-д нь алтан медаль хүртсэн  юм. Ингэснээр тус улсын жүдогийн баг сүүлийн 20 ДАШТ-ий 19-д  нь багийн дүнгээрээ тэргүүллээ.



Өнгөрсөн ням гарагт болсон холимог багийн тэмцээнд Японы баг Бразилын багийг 6:0 оноогоор хожсоны дараа Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах ярилцлага өгөхдөө  “Бид Токиогийн олимпын наадмыг, ялангуяа энэ наадмын жүдо бөхийн тэмцээнийг үзэхийг тэсэн ядаж хүлээж байна. Япон бол жүдогийн эх орон” гэсэн юм.

2.     “Тедди баавгай”-н ноёрхол

Долоон жилийн турш хэнд ч ялагдашгүйгээр дэлхийд ноёрхож чадах тамирчин хэр олон байх бол? 

“Тедди баавгай” хочит Францын нэрт жүдоч Тедди Райнер бол жүдогийн ДАШТ-ээс хамгийн олон алтан медаль хүртсэн хүн юм. Олимпын хошой аварга тэрбээр энэ ДАШТ-ий +100 кг-ын жинд түрүүлснээр дэлхийн аваргын 9 дэх алтан медалиа хүртлээ. Өдгөө 28 настай тэрбээр сүүлийн 134 барилдаанд тасралтгүй ялсан амжилт үзүүлээд байна.



3.     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр монгол жүдочид улам хүчирхэг болж байна

Ердөө 3-хан сая хүн амтай, өвөлдөө Цельсийн -40 хэм хүртэл хүйтэрдэг Монгол орны жүдочид энэ ДАШТ-ээс 1 алт, 1 мөнгө болон 4 хүрэл буюу нийтдээ 6 медаль хүртээд зогсохгүй  багийн дүнгээрээ гуравдугаарт буюу Япон, Францын дараа орлоо.



2008 онд Монголын жүдогийн түүхэнд төдийгүй Монголын түүхэнд анхны олимпын алтан медалийг хүртсэн Н.Түвшинбаяр энэ ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол хөнгөн жинд барилдсан Д.Сумъяа дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигддэг Цүкаса Ёшидаг ялснаар улсдаа жүдогийн ДАШТ-ий дөрөв дэх алтан медалийг аваачсан юм.

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар Будапештын ДАШТ-ийг өөрийн биеэр очиж үзсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Сумъяагийн ялалтын дараа ярилцлага өгөх үеэрээ “Өнөөдөр Монголын хувьд гайхамшигтай үйл явдал тохиолоо. Манай бөх үнэхээр сайн байлаа. Бид Японыг яллаа. Энэ ДАШТ-ээс анх удаагаа япон бус хүн алтан медаль авлаа. Манай жүдочид улсынхаа спортын салбарт манлайлж байна. Жүдо бол зүгээр ч нэг спорт биш юм. Энэ бол сахилга бат, боловрол, хүндэтгэл юм. Жүдочид бид бие биедээ мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлдэг. Өнөөдөр Монголын шинэ баатрууд төрлөө”  гэж байв.

4.   Юу ч тохиолдож болно, хэн ч ялж, бас ялагдаж болно

Зургаан өдөр 14 жингийн ангилалд дэлхийн 700 гаруй жүдоч хүч сорьсон энэ ДАШТ олимп, дэлхийн олон аваргад халтай байлаа.  Риогийн олимпын аварга Рафаела Силва, Хасан Малхимаев, Мальлинда Клменден болон Фабио Бастиль нар амжилтаа Будапештад давтаж чадсангүй.



Энэ ДАШТ-ээс ганцхан олимпын аварга алтан медаль хүртсэн нь “Юу ч тохиолдож, хэн ч ялж, ялагдаж болох”-ыг нотлон харууллаа.

5.   Жүдо-дэлхийн спорт

2017 оны жүдогийн ДАШТ-ий ердөө 14-хөн  жингийн ангилалд 126 улсын 726 тамирчин өрсөлдлөө.

Энэ нь жүдо бөхийн спорт өөр ямар ч спортоос илүү дэлхий дахинд түгэн дэлгэрч байгаагийн тод жишээ юм гэж CNN онцолжээ.


http://edition.cnn.com/2017/09/05/sport/five-things-we-learned-2017-judo-world-championships-budapest/

Г.Доржханд http://montsame.mn/read/64740