Төлбөрийн тэнцлийн алдагдал өмнөх улирлаас 25.2 сая ам.доллараар буурчээ

Эхний долоон сарын үзүүлэлтээр төлбөрийн тэнцэл 48.8 сая ам.долларын алдагдалтай гарсан талаар Монголбанкнаас мэдээллээ.

 

Үүнийг өмнөх улирлын гүйцэтгэлтэй харьцуулбал 25.2 сая ам.доллараар буурсан байна. Ийнхүү алдагдал хүлээхэд урсгал болон хөрөнгийн дансны тэнцэл 358.9 сая ам.доллараар буурч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеэс 37 хувиар буурсан нь нөлөөлжээ. Эл өөрчлөлт нь бараа, үйлчилгээний дансны алдагдал 470.2 сая ам.доллараар буурснаар тайлбарлагдаж байна. Харин санхүүгийн дансны тэнцэл дээрх хугацаанд 313 сая ам.долларын ашигтай гарчээ. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улс 645.3 сая ам.долларын эх үүсвэрийг гаднаас авч байсан бол энэ оны эхний долоон сарын байдлаар 313 сая ам.доллар буюу цэвэр дүнгээр гадаад санхүүжилт 332.4 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гарсан байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал өмнөх улирлаас 25.2 сая ам.доллараар буурсан үзүүлэлтийг эдийн засаг сэргэж буй нэг үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд тодотголоо.