Б.Батбаяр: 200 сая ам.долларын асуудлыг шүүхэд шилжүүлсэн

Б.Батбаяр: 200 сая ам.долларын асуудлыг шүүхэд шилжүүлсэн

/Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал/

-АН-ын Засгийн газрын үед байгуулсан Хөгжлийн банкны удирдлага их хэмжээний мөнгө идсэн гэх асуудал өнөө хэр олны анхааралд буй. Тэгвэл энэ асуудал ямар шатандаа яваа талаар албаны хүн тодруулга өгчээ. Тэрбээр, хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын Засгийн газрын босгосон томоохон бондууд буюу зээлүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдэд  зарцуулсан.  Харамсалтай нь, хэрэгжүүлэгчийн санхүүгийн хариуцлагаас шалтгаалаад хэрэгжиж чадаагүй төслүүд байна. Заримыг нь хууль хяналтын байгууллагаар шалгаж байна.  Мөн шүүхийн байгууллагад шилжүүлэх шаардлагатай хэд хэдэн төсөл байгаа. Эхний ээлжинд 200 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний төслүүдийг шүүхэд шилжүүлэхээр болсон.  Харин эргэн төлөх боломжтой гэж үзсэн төслүүд дээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан нэг их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг хийсэн. Энэ зээлүүдийн эргэн төлөлтийг банкууд хариуцах гэрээтэй. Тиймээс арилжааны 11 банк  өгсөн зээлүүдээ эргэн төлүүлэх үүргийнхээ дагуу ажиллаж байгаа. Түүнчлэн дэд бүтцийн 16 том төсөлд нэг их наяд төгрөгийн зээлийг Хөгжлийн банк өмнө нь олгосон. Үүний эргэн төлөлтийг сайжруулах тал дээр уулзалт хэлцэл хийж байгаа. Манай банк 300 орчим сая  ам.долларын  зээлийн төлбөрийг 2017 оны үлдсэн хугацаанд хийгээд дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. Аравдугаар сарын эхэнд бага хэмжээний төлбөр төлнө. Гадаад зах зээлд санхүүгийн байгууллагууд болон бусад банкуудтай эх үүсвэрийнхээ гэрээг амжилттай хийгээд явж байна. Гол нь мөнгөө авахаас өмнө ямар төслийг хэрэгжүүлэх вэ гэсэн ТЭЗҮ-гээ хийж дуусгах,  хоёрдугаарт тэр төсөл дээр санхүүжүүлтээ хамтран хийх, хөрөнгө оруулах, түншээ оновчтой тодорхойлох хэрэгтэй байна” гэв.

 П.Сэргэлэн: Гурилын үнэ өсөхгүй

/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд/

-Ургац хураалтын цаг эхэлсэн энэ үед салбар яам ямар бодлого баримталж байгаа, энэ жил гурилын үнэ нэмэгдэх үү, ургац хэр алдсан бол гэх мэт олон асуудал анхаарал татаж буй. Тэгвэл эдгээр асуултад товч бөгөөд тодорхой хариулт өгсөн салбарын сайдын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг онцолж байна. П.Сэргэлэн сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа өнөө жил ОХУ-аас буудай авах ч шинэ ургацын улаанбуудайг ОХУ-д худалдаалж байгаа үнээс нь хямд үнээр авна хэмээн онцолжээ. Мөн өнөө жил нийт ургацынхаа 50 хувийг алдана гэсэн урьдчилсан дүн мэдээ гарсныг онцолсон байна. Тэрбээр, “Бидэнд 320 мянган тонн улаанбуудай хэрэгтэй. Ийм хэмжээний улаанбуудайгаар гурил үйлдэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангадаг. Харин энэ жил үндсэндээ нийт ургацынхаа 50 хувийг алдсан гэсэн үг. Тиймээс ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамтай уулзалт хийсний дүнд үлдсэн 50 хувийг дотоодын зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр худалдаж авахаар тохиролцоо хийсэн. Буудайн чанар, үнэнд гурил үйлдвэрлэгчид өөрсдөө хөндлөнгийн хяналт хийгээд явна. Улаан буудайгаа оруулж ирэхдээ нэг цонхоор оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Тэгэхгүй бол арван гурилын үйлдвэр давхиж очиж гэрээ хэлэлцээр хийнэ гээд үнийг нь өсгөж, унагаад янз бүр болдог. Тиймээс чанарт нь Мэргэжлийн хяналт болон гурил үйлдвэрлэгчид хяналтаа тавих юм. Оруулж ирсэн улаанбуудайг үйлдвэрлэгчдэд олгохдоо нэг шаардлага тавьж байгаа. Тэр нь дотоодын тариаланчдын ургацыг нэн тэргүүнд худалдаж авах шаардлага. Нэг үгээр хэлбэл дотоодын тариаланчид улаанбуудайгаа борлуулж дууссаны дараа импортын асуудлыг ярих юм. Нэгэнт импортын улаанбуудай оруулж ирж байгаа учраас гурил оруулж ирэхгүй. Гэлээ гээд гурилын үнэ өсөхгүй. Тариалан эрхлэлтийн санд тушаах өр зээлийн асуудлыг нэг жилээр хойшлуулахаар болсон. Төлөлтийн хугацаа, хүүг мөн хойшлуулж байгаа” хэмээжээ.

 Г.Батцэнгэл: Төр төмөр замаа барих хэрэгтэй

/Монголын Уул уурхайн корпорацийн Гүйцэтгэх захирал/

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын нэг чухал сэдэв нь нүүрсээ гуравдагч орнуудад гаргахын тулд ОХУ-тай хамтран ажиллах тухай юм. Тус улсын “Восточный” боомтыг ашиглан транзит гэрээ байгуулан Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах яриа хэлцэл олны анхаарал татсан, цаашлаад долоо хоногийн хугацаанд нүүрсний салбар болон уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын асуудлыг хөндсөн хоёр том чуулган Монгол Улсад зохион байгуулагдсан гээд уул уурхайн асуудал олны анхаарал өртсөн энэ үед Монголын уул уурхайн корпорацийн захирал Г.Батцэнгэлийн яриа олны анхаарлыг татлаа. Тэрбээр, “Нөөцөө зөв ойлгож, урт хугацаагаа бодох юм бол нүүрсээ угааж гаргах нь чухал байна. Япон, Солонгосын зах зээлд зарахын тулд түүхий нүүрс зөөж болохгүй. Эцсийн хэрэглэгчид бэлэн болсон нүүрс л худалдаж авна. Австраличууд, хятадын дотоодын үйлдвэрүүд бүгд хэрэглэгчдэд угаасан нүүрс л нийлүүлж байгаа. Бид адилхан байх хэрэгтэй. Нүүрсний салбарт цаашдаа сэргэлт харагдаж байна. Гэтэл манайх тээвэрлэлтийн асуудлаа өнөө хэр шийдэж чадаагүй.  Долоо дахь жилдээ ярьж байна. Дэд бүтэц, төмөр зам бол төрөөс хэрэгжүүлнэ гэж яригдсан зүйл. Нүүрс олборлогч компаниудын хувьд тээврийн асуудал чухал байна. Харамсалтай нь одоо болтол төмөр зам баригдаагүй. Дотооддоо шийдэх өөр нэг асуудал бол нэг цонхны бодлого. Үүнийг олон жил ярьсан ч хэрэгжүүлж чадаагүй. Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд нэгдэж нэг үнээр нүүрсээ борлуулдаг болох хэрэгтэй. Үүнээс гадна төр засгаас олон улсын худалдааны нөхцөл байдлаа сайжруулах, транзит тээвэр, тарифийн хөнгөлөлтийн гэрээнүүдээ хийх ёстой” хэмээн ярьжээ.

 ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN Б.ӨНӨРТОГТОХ