М.Энхболдын фракцыг “татан буулгах” 33-ын төлөвлөгөө намдаа их хямрал даллав

МАН-ын 30 гишүүн М.Энхболдын фракцыг намаасаа шахах гэж хэтэрхий яарч байгаа нь илт.

Ердөө өчигдөр, өнөөдөр, маргааш гэж тов дуулдаад байсан Бага хурлаа, сарын дараах Их хурлаа хүлээж тэвчилгүй өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагаж орхилоо. Тиймээс МАН-ын дотоод тэмцэл өнөөдрөөс ямар ч байсан Их хурлаа хүртэл дээд цэгтээ хүрч, хэдийд хэрхэн дэлбэрэх вэ гэдгийг ард түмэн харах л үлдэв.

УИХ-ын чуулган дээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг 42 кнопоор унагасан ч энэ бол МАН-ын 33, АН-ын 8, нэг бие даагчийн санал. Харин эсрэг талд нь 31 кноп бий. Дараагийн Засгийн газрын томилоход энэ 31 кнопын эзэн буруу харахгүй ээ гэх баталгаа үгүй. Эдний дийлэнх нь М.Энхболдын фракц буюу хотынхон гэж болно. Тэднийг Их хурлаа хүртэл ойлголцож, гар барилцан эвлэлдэн нэгдэнэ гэдэгт хэн ч итгэхгүй. Хуулийн хугацаандаа Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа байгуулна гэвэл Их хурлыг хүлээж байгаа намын даргын асуудлаас урьтах нигууртай. Гэтэл Ерөнхий сайдаа намын даргаар томилуулж, бас томилно гэх ямар ч баталгаа байхгүй. Хөндлөнгөөс харсан хэнбугайд ч МАН М.Энхболдын тал, У.Хүрэлсүхийн тал гэж хоёр хуваагдчихаад байгаа нь тодорхой байна.
УИХ-д 65 суудал авсан ч Засгийн газраа жил гаруйн дараа огцруулах болсон нь намын даргатай холбоотой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс эхлээд тодорхой илэрхийлж байгаа. Намын дарга Ерөнхий сайдынхаа тамгыг атгах ёстой гэх чиг баримтлал Ж.Эрдэнэбатын эсрэг кноп дарсан 33-т бий. Дээрээс нь Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь УИХ-ын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөхгүй болсон учраас огцрох хэрэгтэй гэж хэлснийг бодвол дараагийн Засгийн газарт орж ажиллах сайд нар хамгийн түрүүнд УИХ-даа хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Гэхдээ МАН-д ийм боловсон хүчний нөөц бий гэж үү. М.Энхболдыг нэгэнт МАН-аас “зайлуулах” “Ы” ажиллагаа эхэлсэн учраас дараагийн Засгийн газарт түүний фракцаас аль болох оруулахгүйг л гомдогсод хийгээд эсэргүүцэгчид хичээх нь тодорхой. Бас У.Хүрэлсүхийн гэж тодорхойлуулж байсан хэд хэдэн нөхөр Ж.Эрдэнэбатын Засгийн газартай хамт огцорчихсон.

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд дараагийн Засгийн газраас суудал горьдоогүй гэж өөрийнхөө амаар хэлсэн нь нэг биш. Тэгэхээр УИХ-д 65-уулаа орчихоод ёстой Мэргэжлийн Засаг байгууллаа гэж омойтож байсан хүмүүс одоо ямар Засгийн газар байгуулахыг хөндлөнгөөс бид хамгийн сайн ажиглах хэрэгтэй болох нь. УИХ-ын сонгууль болоод жил гаруй өнгөрч байхад УИХ-ын эрхэм зарим гишүүдийнхээ барааг өчигдөр л иргэд анзаарч харлаа. Нийгмийн сүлжээгээр дүүрэн нэгдүгээр курсын оюутнуудын танилцах үдэшлэг шиг энэ удаагийн чуулганаар л эрхэм гишүүдийнхээ царай харлаа гэх егөөдөл дүүрэн байгааг хэн хүнгүй анзаарсан биз. Тэгэхээр МАН-ын шигшиж, шигшиж дэвшүүлсэн 76-тай ердөө өчигдөр л танилцаж байхад дараагийн Засгийн газрын сайд нарын тухай таамаг дэвшүүлэхэд үнэхээр хүнд. Д.Гантулгаас, Н.Амарзаяагаас долоон дор сайд нар гараад ирвэл яанам бэ.
Ингээд харвал Т.Аюурсайхан гишүүний хэлээд байгаа шиг аалзны торыг юу ч үгүй тасдаж хаяна гэдэг юу л бол...

МАН Н.Энхбаяраас тийм ч амар салж чадаагүй. Одоо ч Н.Энхбаярын талынхан МАН-д тэр тусмаа УИХ-д бий. Тэгэхээр М.Энхболдоос ч хүссэний зоргоор салж чадахгүй. Үнэндээ М.Энхболдын фракцыг “татан буулгах” 33-ын төлөвлөгөө МАН-ын ирээдүйн их хямралыг даллан дуудсан нь тодорхой боллоо.