“Кlean Nara”-г борлуулагч “Номин” албан ёсны хариуг ирсний дараа мэдээлэл хийнэ гэв

БНСУ-ын “Кlean Nara” компанийн үйлдвэрлэсэн ариун цэврийн хэрэглэлээс үүдэж эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг алдагдах, хэмжээ багасах, сарын тэмдгийн үеийн синдром, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин зэрэг сөрөг шинж тэмдгүүд илрэх болсон тухай хэрэглэгч бүсгүйчүүдийн санал гомдол тус улсад ихээхэн дуулиан тарьж, үүнээс үүдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн ч өрнөжээ.

 

Мэдээллийн мөрөөр өнгөрсөн гуравдугаар сард дээрх компанийн үйлдвэрлэсэн ариун цэврийн хэрэглэлийг Кангвоны их сургуулийн лабораторт шинжилгээнд оруулахад 200 гаруй төрлийн химийн хорт бодис илэрсэн гэнэ.

“КleanNara” компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэж, эрүүл мэндээрээ хохирсон хэмээн 3323 хүн 9 тэрбум вонны нөхөн төлбөр тус компаниас нэхэмжлээд буй тухай Солонгосын хэвлэлүүд мэдээлж буй.

Тиймээс “Кlean Nara” компанийн бүтээгдэхүүнийг зах зээлээс татах тухай мэдээлэл гарч, Солонгосын хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас эмэгтэйчүүдийн ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 56 компанийн 686 төрлийн бүтээгдэхүүнд нарийвчилсан шинжилгээ хийж эхэлжээ. Энэ долоо хоногт шинжилгээний хариу тодорхой гарна хэмээн тус яамнаас “Кореан таймс”-т мэдээлсэн гэнэ.

Тэгвэл тус компанийн бүтээгдэхүүнийг Монголд “Номин косметикс” компани албан ёсны эрхтэй худалдан борлуулдаг. “Кlean Nara” компанийн ариун цэврийн хэрэгсэл болоод “BOSOMI” нэртэй хүүхдийн живх өнөөдөр ч “Номин” их дэлгүүрүүдийн лангуун дээр өрөөстэй байгаа. “Номин косметик” компанийн зүгээс одоогоор дээрх мэдээллийн мөрөөр ямар нэгэн мэдээлэл гаргаагүй юм. Тус компанид албан ёсоор хандаж мэдээлэл хүсэхэд “эргээд хариу мэдэгдэнэ, манайх албан ёсоор мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал хийтэл хүлээ. Манайх бас өөрийнхөө лаборатороор шинжилгээнд оруулна. Тус компаниас албан ёсоор бол бичиг ирсэн. Бид ямар нэг мэдээллийг олон нийтэд өгөхдөө ул суурьтай хандах ёстой. Манайх албан ёсны борлуулагч. Манайд бол энэ хэрэглэлээс үүдэж ийм өвчин туслаа гэх элдэв гомдол бол ирээгүй байгаа. Одоогоор чухам ямар учир шалтгаанаас болж, энэ бүтээгдэхүүний талаар гомдол гаргасан бэ гэдэг нь тодорхойлоогүй байгаа юм билээ ” гэв. 

Харин Мэргэжлийн хяналтын газраас “Монголд импортоор орж ирж байгаа ариун цэврийн хэрэглэлд нарийн шинжилгээ хийх мэргэжлийн өндөр төвшний лаборатор байдаггүй. Манай зах зээл дээр өргөнөөр борлуулагддаг Солонгосын ариун цэврийн бүтээгдэхүүнд химийн олон төрлийн бодис агуулагдаж буй тухай мэдээлэл гарсан учраас энэ мэдээллийг албан ёсоор баталгаажуулахын тулд тус байгууллагаас Эрүүл мэндийн яам болоод Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандсан. Тухайн үйлдвэрлэгч компани бүтээгдэхүүн нь ноцтой гэдэг нь батлагдсан тохиолдолд импортлогчиддоо албан ёсоор мэдэгдэх ёстой. Импортлогч компани нь өөрөө хариуцлага хүлээх хууль эрхзүйн тогтолцоо одоогоор манайд үйлчилдэг” гэсэн юм.

Солонгост ажиллаж амьдарч байгаа бүсгүйчүүдээс энэ талаар лавлахад “Кlean Nara”-гийн зарим бүтээгдэхүүнүүд бүсгүйчүүд авсан дэлгүүрт буцаан өгч байгаа. Химийн бодис агуулаагүй органик гэх тодотгол бүхий ариун цэврийн хэрэглэлийг бүсгүйчүүд сонгох болсон гэж байгаа юм.

Зөвхөн тус компанийн бүтээгдэхүүнээс гадна Солонгосын төдийгүй Монголын зах зээлд өндөр борлуулалттай байдаг Котекс, Софи зэрэг 11 бүтээгдэхүүнд Кангвонийн үндэсний их сургуулийн эрдэмтдийн хийсэн шинжилгээгээр 22 төрлийн химийн бодис агуулагдаж байгааг илрүүлсэн байна.

Солонгосын эмэгтэйчүүдийн шаардлагын дагуу Солонгосын хүнс эмийн аюулгүй байдлын яамнаас сүүлийн 3 жилийн дотор үйлдвэрлэгдэж зах зээл дээр худалдаж буй дотоод гадаадын ариун цэврийн хэрэглэлийг нарийвчлан шинжлэх тусгай ажлын хэсэг томилсон байна.

“Котекс”-ийг үйлдвэрлэгч “Юухан-Кимбэрли” компани Эрүүл мэндийн нарийвчилсан шинжилгээний дүн гарахаар өөрсдөө шинжилгээ хийж, олон нийтэд мэдэгдэл хийнэ гэдгээ албан ёсоор зарлаж.

Импортлогч компани нь өөрөө хариуцлага хүлээх хууль эрхзүйн тогтолцоо одоогоор манайд үйлчилдэг. Хавдар үүсгэгч “LG unicharm, Kleannara, P&G” компанийн бүтээгдэхүүнээс илэрсэн гэдгийг “Корейн Таймс” мэдээлсэн бол “Kleannara” компанийн ариун цэврийн хэрэглэлээс агаарт амархан дэгддэг, уурын даралт өндөртэй дэгдэмхий органик нэгдлүүд хамгийн их хэмжээгээр илэрсэн байна. Ийм хэрэглэлийн тогтмол хэрэглэх нь сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулж, нөхөн үржихүйн чадварыг бууруулдаг гэж эмч нар хэлжээ.

“Котекс” ариун цэврийн хэрэглэлийг Монголд албан ёсоор борлуулдаг “Монголиан Стар Дистрибюшн” компанийн зүгээс тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч “Юухан Кимбэрли” компаниас ирсэн мэдэгдлийг өөрийн фейсбүүк хуудаст байрлуулсан байгаа юм.

“Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь Америкийн нэгдсэн улсын 145 жилийн түүхтэй алдарт “Кимбэрли Кларк” корпорацийн Америк технологи, стандартын дагуу ажилладаг Ази дахь салбар үйлдвэр БНСУ-ын “Юухан-Кимбэрли” компанийн үйлдвэрээс “Kotex” брэндийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд 10 гаруй жил борлуулж байна.
БНСУ-д үүсээд байгаа одоогийн нөхцөл байдал нь тухайн улсын “Канвон” их сургуулийн судалгааны багийн дүгнэлтээр “тухайн улсад үйлдвэрлэгдэн худалддаг Cleannara компанийн Lillian ариун цэврийн хэрэглэлээс хорт хавдар үүсгэгч химийн бодис илэрсэнтэй холбогдуулан БНСУ-д үйлдвэрлэгддэг бусад ариун цэврийн хэрэглэлд шинжилгээ хийж буй тухай” мэдээлсэн бөгөөд уг шинжилгээний хариу удахгүй гарах талаар “Юухан-Кимбэрли” компаниас ирүүлсэн албан ёсны мэдэгдлийг хүргэж байна гээд

Мэдэгдэлд, БНСУ-ын мэргэжлийн хяналтын газраас дээрх асуудлыг “Энэхүү судалгааныы дүгнэлт нь нарийвчилсан судалгааны арга зүй, агуулгын хувьд учир дутагдалтай, шинжлэх ухааны үүднээс хүлээн зөвшөөрөхүйц үндэслэлтэй биш гэж үзэж байна” хэмээх мэдэгдлийг 8 дугаар сарын 30-нд хийсэн бөгөөд 9 дүгээр сарын 4-нд мөн энэ байр сууриа хадгалсаар байна. Тус газраас энэ асуудлыг шийдэхийн тулд 56 нэр төрлийн 896 бүтээгдэхүүнд нарийвчилсан шинжилгээ хийж байгаа бөгөөд шижнилгээний хариу ойрын өдрүүдэд гарах бөгөөд дүгнэлтийг гарсан даруйд нь цаг алдалгүй мэдэгдэх болно” гэсэн байна.

Ямартай ч энэ долоо хоногийн сүүлээр Солонгосын хүнс, эмийн аюулгүй байдлын яам болон Мэргэжлийн хяналтын газраас эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлд хийсэн шинжилгээний дүнг танилцуулах нь. Ингэснээр манайд өргөн борлуулдаг зарим бүтээгдэхүүний талаар бодитой мэдээлэл олон нийтэд хүрэх юм.

http://www.assa.mn/content/45293.shtml?a=social