НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхеймтэй өнөөдөр уулзлаа.

 

Уулзалтаар байгаль орчныг хамгаалах, энэ салбарт хамтран ажиллах талаар хоёр тал санал солилцов.

“Монгол Улс 2013 онд Ногоон эдийн засгийн түншлэлд анхны жишиг улс болон нэгдэн орсноос хойш хамтдаа долоон чиглэлд хамтран ажиллаад байна. Цаашид ч энэ эрчээрээ үр бүтээлтэй хамтрахад манай талаас урьдын адил идэвхтэй ажиллана” гэдгийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат илэрхийллээ. 

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхейм“Монгол Улсын хувьд шийдвэрлэх гол асуудлуудын нэг нь агаар, орчны бохирдол. Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэлүүд эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр байгаль орчинд ээлтэй хангах хэрэгцээ байна.

Дэлхийд БНХАУ, БНСУ, Япон Улс байгаль орчны технологиороо тэргүүлж байна. Эдгээр улсын хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, технологийг авч хэрэгжүүлэх нь Монгол Улсад ихээхэн ач холбогдолтой” гэлээ.

Энэ үеэр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат “Манай Засгийн газар агаар, орчны бохирдлыг шийдэхийн төлөө томоохон ажлуудыг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг бол төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан “Ногоон зээлийн сан” байгуулахаар бэлтгэл ажил хангаад байна.

 Цаашид НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооноос хамтран санаачилсан “Цэвэр агаар амьдралын үндэс” аянд Монгол Улс нэгдэхээр болж, энэ аянд бүх талаар нэгдэж ажиллана гэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.