Үгсэн тохиролцох, хуйвалдах үйл явц нь Засгийн газрын байгууллагуудтай хамгийн их холбоотойг онцлов

Ази Номхон далайн бүсийн өрсөлдөөний байгууллагуудын удирдах ажилтнуудын уулзалт-семинар Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд есдүгээр сарын 13-ны өдөр боллоо.

Тус уулзалт-семинарыг Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Олон Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага хамтарч зохион байгуулав. Олон улсын өрсөлдөөний байгууллагын удирдах ажилтнууд энэ үеэр дуудлага худалдаанд үгсэн тохиролцох зөрчлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалт семинарт оролцож байгаа гадаадын төлөөлөгчид өөрсдийн туршлагаа хуваалцаж, дуудлага худалдаанд үгсэн тохиролцох зөрчил нь улс орны эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулах аюултай гэдгийг онцолж, олон талаас нь ярилцаж, санал солилцлоо.

Энэ үеэр Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Цэрэндуламаас дуудлага худалдаанд үгсэн тохиролцох зөрчлийн асуудлын чухам юунд нь анхаарч, ямар асуудал дэвшүүлж, хэлэлцэж байгаа талаар тодруулахад “Энэхүү семинарт 16 орны 60 гаруй өрсөлдөөний байгууллагын удирдах албан тушаалтнууд ирж, дуудлага худалдаанд үгсэн тохиролцох зөрчлийн асуудлаар туршлага хуваалцлаа. Уулзалт-семинарын хүрээнд бид Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зөвлөхүүд дуудлага худалдаанд үгсэн тохирох асуудлыг яаж илрүүлдэг юм, яаж нотлодог юм бэ, хяналт шалгалтын арга барилыг яаж зохион байгуулах вэ гэх зэрэг чиглэлээр бидэнд зааж, сургах, харилцан туршлага солилцсон юм.

Мөн Засгийн газрын байгууллагуудын зохион байгуулдаг үйл ажиллагаанд дуудлага худалдааны асуудлаар онцолж ярилцлаа. Засгийн газрын байгууллагуудын дунд явагддаг дуудлага худалдааны явцад хуйвалдах, үгсэн тохиролцох, хууль бус аргаар жишээлбэл, бараа бүтээгдэхүүн, тендер зэрэгт ялж байгаа үйл ажиллагаанд шударга өрсөлдөөний байгууллагууд яаж ажиллаж, илрүүлэх талаар хэлэлцсэн нь уулзалт-семинарын гол зорилго болсон. Үгсэн тохиролцох, хуйвалдах үйл явц нь Засгийн газрын байгууллагуудтай хамгийн их холбоотой байдаг юм.“ гэж онцолж хэллээ.

Б.Баярмаа