“Хүүхдийнхээ сайн сонсогч, сайн зөвлөгч байхыг нийгэм шаардаж байна”

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас санаачлан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ивээл дор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран монголд анх удаа зохион байгуулж буй “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” Монголын хүүхдийн ордонд боллоо.

Уг зөвлөгөөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Гал голомт” үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага, Гэр бүлийн хөгжил, боловсролыг дэмжих сан төрийн бус байгууллага зэрэг салбар бүрийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан хүүхэд хамгаалал, хүүхэд хүмүүжлийн асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж байгаагаараа онцлогтой болж байна.

“Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” нь “Монгол хүүхдийн төлөвшлийн өнөөгийн байдал”, “Эцэг эхийн боловсрол-Төрийн бодлого” зэрэг олон асуудлыг авч хэлэлцэнэ. Тухайлбал, салбар хуралдаанаар Сургуулийн өмнөх нас, сургуулийн бага нас ба эцэг эхийн хариуцлага”, “Сургуулийн дунд нас ба эцэг, эхийн хариуцлага”, “Сургуулийн ахлах нас ба эцэг, эхийн хариуцлага” гэх мэт асуудлыг хэлэлцэж байгаа бол “Хүнээр хүн хийх Монгол ухаан”, “Эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд нөлөөлөх нь”, “Хүүхдийн насны үе шат бүрт тулгардаг эрүүл мэндийн асуудал, эмнэлэг, гэр бүлийн харилцаа”, “Хүүхдэд эх орон, газар нутгаа хайрлан хамгаалах хүмүүжил олгоход эцэг, эхийн үлгэр дуурайлал”, “Онцгой байдлын үе дэх хүүхэд, хамгаалал, урьдчилан сэргийлэх талаарх эцэг, эхийн чадамж” зэрэг сэдвээр холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавив.

Энэ үеэр эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.

Б.Алтантүлхүүр: Улс орны эдийн засгаас илүү чухал сэдэв бол хүүхдийн хүмүүжил


Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас оролцож байна. Манай улсад сүүлийн үед эдийн засгийн хямралын талаарх мэдээлэл маш их гарч, үргэлж хүн бүрийн анхаарлын төвд байх болсон. Гэвч улс орны эдийн засаг чухал боловч түүнээс илүү чухал зүйлийн хажуугаар бид мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг, өнөөгийн нийгэмд байх ёстой зүйл мэт бодон амьдарч байна. Тэр бол хүүхдийн хүмүүжил. Ялангуяа өсвөр насны хүүхдийн хүмүүжилд бид онцгойлон анхаарч үзэх хэрэгтэй гэж би ээж хүнийхээ хувьд боддог. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээг сонсож байхад энэ насны хүүхдүүдтэй холбоотой сөрөг мэдээллүүд их гарч байна.

Тухайлбал, өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг хийж байна. Өөрсдөө ч гэмт хэргийн хохирогчид болж байна. Ингэх болсон нэг шалтгаан нь орчин үед цахим хэрэгсэл үүссэнтэй холбоотой болов уу гэж боддог. Хүүхдүүд гар утас, нөүтбүүк ашиглаад фэйсбүүкт маш их цагийг өнгөрөөдөг. Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдүүдээ цахим орчинд юу хийж, хэнтэй нөхөрлөж байгааг тэр бүр анхаардаггүй. Яаж байна ч гэж анхаардаггүй шүү дээ. Энэ мэтчилэн бид хүүхдүүдтэйгээ ярилцах, ойлголцох ёстой олон асуудал бий. Бид энэ бүгдэд анхаарч, сэргийлэхийн тулд үндэсний зөвлөгөөн чухал үүрэгтэй. Тиймээс ч зөвлөгөөний дараа үүнд чиглэсэн олон ажил хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Я.Эрдэнэтунгалаг: Орчин үеийн эцэг, эхчүүд үүргээ боловсролын байгууллагад даатгаж байна


Би хүүхдийн хүмүүжлийн гурван орчин байдаг гэж ойлгодог. Анхдагч орчин гэр бүл, хоёрдогч орчин сургууль, гуравдагч орчин бол нийгэм гэж үздэг. Нийгэм болон сургууль, боловсролын газруудаас хүүхэд хамгаалал, хүүхдийн хүмүүжил, боловсролд чиглэсэн олон ажил хийж байна. Гэхдээ бидний хайрын бэлэг болж ирсэн үр хүүхдүүддээ эцэг, эхчүүд цаг зав хэр гаргаж байна вэ, анхдагч орчиндоо олж авах ёстой хүмүүжлээ олж авч чадаж байна уу гэдэг асуудлын тухайд их учир дутагдалтай. Зөвхөн орон нутаг төдийгүй Улаанбаатар хотод ч энэ асуудал бий. Зөвлөгөөний үеэр тавигдсан нэг илтгэлд орчин цагт гэр бүлд амьд харилцаа байхгүй болж байна гэж гарлаа. Тэр бол маш харамсалтай.

Ер нь хүүхдийг хэт эрхлүүлж, хэт дарамт шахалттай байлгаж болохгүй. Бидний аав, ээж тунгийн тааруулна гэж ярьдаг шүү дээ. Тэр л арга билгийн ухаанаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх ёстой гэж би хувьдаа бодож байна. Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүд боловсролын байгууллагад бүх үүрэг, хариуцлагыг өгдөг. Хуучин цагт бидний үед 10 гаруй хүүхэдтэй байсан. Одоо хамгийн олон хүүхэдтэй нь 4-5 байна. Ихэнхдээ 1-2 хүүхэдтэй. Гэтэл эцэг, эхчүүд ажилтай, завгүй гэдэг шалтгаанаар хүүхэддээ зав тэр бүр гаргадаггүй. Тэгэхээр энэ талаар анхаарч, хүүхэддээ ойр дотно байх хэрэгтэй. Аймаг болгоны боловсрол, нийгмийн хөгжлийн бодлого өөр. Манай аймгийн тухайд гэвэл “Авьяаслаг Хөвсгөл” нэртэй хөтөлбөр хэрэгждэг. Оюунлаг байна гэдэг зөвхөн хичээл номондоо сайн байх биш.

С.Тунгалагтамчир: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сайн сонсогч, сайн зөвлөгч байх шаардлагатай

ХНХЯ-ны Хүн, амын хөгжлийн газрын дарга тэрбээр “Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгэм, хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байна. Өнөөдрийн зөвлөгөөнөөр гэр бүлийн өмнө тулгамдаж буй хүүхдийн хүмүүжлийн асуудлыг эцэг, эхийн оролцоотойгоор хэлэлцэж, тодорхой дэмжлэг гаргаж байгаагаараа чухал ач холбогдолтой. Гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудлын нэг бол гэр бүл хоорондын харилцаа.

Тухайлбал, эцэг, эх нь хүүхдээ сонсох, тэдэнтэй ярилцах зэрэг асуудал чухал болоод байна. Хүүхдийн хүмүүжлийн уламжлалт шийтгэх аргуудаас илүү хүүхдийг ямар эерэг аргаар хүмүүжүүлэх вэ, зөв хүн болгон хүмүүжүүлэхэд эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ гэдгийг зөвлөгөөнөөр ярилцаж байна. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн дунд амиа хорлох тохиолдол ихэслээ. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ойр дотно ярилцаж, тэдэнтэй зөвлөх хэрэгтэй болсныг харуулж байгаа юм. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд эцэг, эхтэйгээ ярилцахаас илүү үе тэнгийн найз нөхдөөсөө зөвлөмж авдаг. Тиймээс эцэг, эхчүүд сайн зөвлөгч, сайн сонсогч байх шаардлага байна” гэсэн юм.

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар