Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөх боломж байна уу?

Сүхбаатар дүүргийн төрийн байгууллагуудын ажлаа танилцуулах “Нээлттэй хаалга”-ны өдөр есдүгээр сарын 19-ны өдөржин Д.Сүхбаатарын талбайд боллоо.

“Нээлттэй хаалга”-ны өдрөөр дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, нэгжүүд иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх, санал хүсэлт хүлээн авч, хууль эрхзүйн зөвлөгөө мэдээлэл өгч, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг хийв.

Мөн иргэд, үйлдвэрлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа, урлаг, соёлын тоглолтууд болон өсвөр үе, залуучуудын дунд 3:3 сагсан бөмбөгийн тэмцээн болж, цугласан үзэгчид сонирхлоо. Өдөрлөгийн үеэр иргэд газар өмчлөл болон нийгмийн, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт, мөн нийгмийн хөдөлмөр, халамж, дунд сургуулийн 1-5-р ангийн хүүхдүүдийн үдийн цайны бүтээгдэхүүн зэргийг илүү ихэд сонирхон асууж байсан.

Энэ үеэр иргэд болон оролцогч байгууллагын төлөөлөлтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

Сүхбаатар дүүргийн 71-р сургуулийн цайны газрын тогоочоор н.Одсүрэн таван жил ажиллаж байгаа ажээ. Тэрээр “Манай сургууль үдийн цай хөтөлбөрийн хүрээнд сургуулийн 1-5-р ангийн хүүхдүүдэд долоо хоногт гурван удаа гурилан бүтээгдэхүүн, хоёр удаа мантуун бууз, будаатай хуурга хийж өгдөг. Мөн хярам, аньс, үзэм, чацарганы шүүс уулгана. Үдийн цайнд 2 төрлийн хоол, 6-7 төрлийн гурилан бүтээгдэхүүнийг сонгож хийж байна. Эцэг, эх, хүүхэд, багш нараас санал авч, үдийн цайндаа хэрэгжүүлдэг юм.” гэж ярив.

Тус сургууль нь "Ирээдүйн баялаг бүтээгчдийг хөгжүүлэгч, хүмүүнлэг эко сургууль" гэсэн алсын хараатай юм байна. Сургуулийн хүүхдүүдийн сурах тавтай орчинг бүрдүүлж чадсан. Манай сургууль олон авъяас, чадвартай, сурлагатай тэргүүний сурагчидтай бөгөөд тэргүүлэх зэргийн багш дөрөв, магистр зэрэгтэй 11, заах арга зүйч 25 байдаг. Мөн дэлхийн банкны төсөлд хамрагдаж, "Монголын соёлын гайхамшиг" төсөл болон "Монгол гэр" төслийг амжилттай хэрэгжүүлж "Ёс заншлын өргөө"-г шинээр байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаа гэж энэ үеэр химийн багш нь нэмж хэлж байлаа.

Сүхбаатар дүүргийн гэр хорооллын иргэн залуу гурван бүсгүйтэй уулзлаа. Нэг бүсгүй нь ярихдаа “Бидний амьдарч байгаа хорооны ажилтан Сүхбаатар дүүргийн нээлттэй өдөрлөгөөр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шууд нөхөж хийж өгнө. Мөн гадаад паспортын хугацаа дууссан бол үнэ төлбөргүй сунгана гэсэн. Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол торгууль оногдуулдаг. Гэтэл энэ өдөрлөгөөр иргэний үнэмлэхийг үнэ төлбөргүй сунгаж өгнө гэж хэлсэн.

Тэгэж хэлсэн болохоор нь ажилгүй хүүхдээ хараад гэртээ суудаг хүн хажуу хавирганы гудамжны хүмүүсээс заримыг нь дагуулж энэ өдөрлөгт ирээд байна. Миний хувьд энэ оны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэртээ шимтгэлээ хийгээгүй юм. Хорооны ажилтны хэлснээр нөхөж хийлгэнэ гэсэн үгэнд нь итгээд ирсэн биш бүх зүйл бодит байдалд худлаа байна. Хорооны ажилтан иргэддээ өдөрлөгт очуулахын тулд худлаа мэдээлэл тарааж байгаа нь цагийн гарз боллоо. Би хүүхдээ айлд орхиод явж байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Харин Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагч О.Мөнгөнзаяагаас иргэд ямар асуудлыг илүү их хөндөж асууж байгаа талаар тодруулахад “Нээлттэй хаалганы өдөрлөгөөр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөх боломж байна уу гэж иргэд маш их асууж, зөвлөгөө авч байна. Мөн хуулийн заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдгээ хэлж, санал тавьсан.” хэмээн хэллээ.

Б.Баярмаа