Доржхандын Төрмөнх телевизийн л хүн дээ...

Түүний ТВ-д орсон тухай би ярихгүй. Харин энэ тухай Ш.Гүрбазар л сайн мэднэ. Харин надтай хамтран хийж байсан нэвтрүүлгүүдийн тухай бол яринаа.

МҮОНТ –ийн 50 жилийн ой тохиож байгаа энэ үед би өөрийн хамтрагч, уран бүтээлч Энэ хүнийхээ тухай цухас дурдья. Энэ хүн миний найз. Энэ хүн зохиолч, зураач, сэтгүүлч, нийтлэлч, найруулагч. Хүний амьдрах богинохон хугацаанд би юу хийж чадах нь вэ? гэдгийг үзүүлж байгаа хүн. Доржханд гэж түүний эцэг, би тэр хүнийг мэдэхгүй. Гэвч хийсэн юмаар нь авьяасар нь хүмүүн мэддэг болохоор би бас мэднэ.

Тэр уран авьяастай хүн байж, тэр нь үр хүүхдүүдэд нь өвлөгдөж тэгээд миний найз уртай уран хүн болж. Гэхдээ зөвхөн гарын урыг нь биш тэр хүний ухааны урыг нь авч хоцорч чаджээ. Маш их аз бол энэ бөлгөө.

Би зөвхөн өөртөө л бичиж байгаа учраас...

Миний найз зовлон ч үзсэн жаргал ч амссан.

Ойр ч суусан хол ч явсан. Гадаадад хэрхэн амьдарч байсан тухайгаа бичсэн ном нь их сургамжтай үнэн ном. Амьдралыг хүн заавал өөрөө туулж байж мэднэ гэдэг байж ч болох, байхгүй ч болох...

Д.Төрмөнх бол миний хэдэн найз нарын дотор амьдрал гээчийг туулсан ч, мэдэрсэн ч, ойлгосон ч хүн гэж би боддог. Д.Төрмөнх маань сэтгүүлч зохиолч хүн, бас зураач гэж байгаа би түүнийг нь мэдэхгүй юмаа, хүнийг эцэг эх төрүүлдэг, хүн л төрүүлдэг, харин сэтгүүлч зохиолч төрүүлдэггүй. Энэ хүн өөрөө л ийм хүн болсон.

Ухаан авьяас, ямарваа юманд сөгддөггүй чанар нь онцгой. Би найзыгаа хэтэрхий магтах гээгүй. Үнэн мөнөнийг л бичиж байна. Түүнд мятаршгүй хөдөлмөрч чанар байгаа юм.

- Тэр найз нөхөдтэйгээ найрч хөөрцөглөж чаддаг ч бичих уншихаа огоордоггүй .

- Тэр ямарваа нэгэн зүйлээс үлдэж хоцрохыг хүлцдэггүй

- Тэр шинэ содон мэдээлллээс хоцордоггүй , чи л өөрийгөө тэтгэнэ тэжээнэ гэсэн зарчимтай ч юм шиг.

 

Тэр бас их сонин ( Товч толь) гэдэг нэвтрүүлэг сэдсэн. Яагаад ч “товч толь” гэж, яагаад ч “толь” гэж , тухайн үед би ёстой юу ч бодоогүй юм аа . Сүүлд бодохнээ их л учир утгатай байж ээ. Д.Төрмөнхийг одоо тал талаас нь булаацалдах биз.

Энэ чинь зохиолч яруу найрагч манайх гээд л , энэ нь киноны хүн худлаа гэвэл ... гээд л .

Харин би бол Төрөө чинь телевизийн хүн шүү л гэж шивнэж хэлнэ ээ.

Бид хоёр хамтран нэвтрүүлэг “ хийж “ явжээ. Соён гэгээрүүлэгч их хүн М.Цэдэндоржийн тухай, монголын байтугай зураач “ Орос” хэмээх Баяраа , хэн ч мэдэхгүй ламын тухай ч хийж л явлаа. Дорнын яруу найраг гэдэг нэвтрүүлэг сэдээд одоо том орчуулагч Д.Болдбаатарыг оруулж, аугаа их Ли Байг уншуулж явлаа.

Одоогийн шог зургийн тэргүүн УГЗ Цогтбаярыг байргүй, айлын өрөөнд байхад нь яриулж хөөрүүлж явлаа. Ер нь их холыг боддог надад олдохгүй л найз юмсан.

Нээрээ ч ойрын хэдэн жил уулзалдсангүй. Талийх цаг минь ойртсоных уу...

Тавилан юм болов уу...

Одоо хүн болгон би телевизийнх гэж завжаа цууртал яриж байхад, цөөхөн ч гэсэн дорвитой хэдэн юм хийсэн (ганц надтай биш шүү) миний найз дуугай байгаад байхаар нь л...

Тийм ээ Доржхандын Төрмөнх гэдэг нэрийн урд, ард байгаа олон цол гуншингаас нь би ялгаж яг үнэндээ энэ хүн МТВ –ийн хүн шүү л гэж хэлье дээ. Үнэн юм чинь.

Телевизийн ахмад найруулагч Халзангийн Нарангэрэл