Германы мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаар боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид энэ оны гуравдугаар сард Европын хотуудад албан ёсны айлчлал хийсэн.

 

Энэхүү айлчлалаар Берлин, Будапешт, Варшав гэсэн томоохон хотуудтай эдийн засаг, соёл, боловсролын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ шатанд гаргахаас гадна Европын стандартыг Улаанбаатар хотод нутагшуулах ажлыг эрчимжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай яриа хэлцэл хийгээд ирсэн билээ.

Хотын дарга энэхүү айлчлалын үеэрээ Улаанбаатар хотын төлөвлөлт, дэд бүтэц болон бусад салбарын үйл ажиллагаанд Европын стандартыг нэвтрүүлэхэд туслахыг Берлин хотын удирдлагуудаас хүсч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар тохиролцсон юм. Уг хүсэлтийг Берлин хотын албаны хүмүүс дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан бөгөөд Берлин хотын захирагч, ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоодугаар сард Улаанбаатар хотод айлчилж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан болно.

Нийслэлийн бүтээн байгуулалт, хот төлөвлөлтөд Европын хотуудын стандартыг нэвтрүүлэх ажил олон жилийн турш яригдаж байгаа ч дорвитой алхам хийгдэлгүй өдийг хүрсэн. Дэлхийн шилдэг стандарт болох Европ стандартыг хот байгуулалтад нэвтрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө шаардлагатай бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд шат дараатай олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгцээ тулгардаг байна.

Хотын даргын дээр дурдсан айлчлалын хүрээнд германы ахмад, туршлагатай мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн SES байгууллага /Германы ахмад мэргэжилтний алба/-ын төлөөлөлтэй уулзаж, цаашид хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу тус байгууллагын төлөөлөгч нар өчигдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүрэлцэн ирж, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр нийслэлийн зүгээс хот төлөвлөлт, нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, хот тохижилт, боловсрол, эрүүл мэнд болон бусад шаардлагатай мэргэжлийн чиглэлээр нарийн мэргэшсэн, ахмад, туршлагатай герман мэргэжилтнүүдийг зөвлөхөөр урьж авчран, тодорхой хугацаанд нийслэлийн харьяа байгууллагуудад ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ойрын хугацаанд эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахаар боллоо. SES байгууллага нь гүнзгий мэдлэг, ур чадвар, он удаан жилийн мэргэжлийн туршлагад тулгуурласан германы 12.000 гаруй мэргэжилтнийг эгнээндээ нэгтгэсэн, 50 салбарын 500 гаруй мэргэжлийн чиглэлийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг байна.