Х.Баттулга: Эх орноо хурдан босгоод авах сэтгэлтэй байвал хэдэн ч дээлтэй байж болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулган, Давосын чуулганд оролцохгүй болсон шалтгааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.



-НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үе үеийн Ерөнхийлөгчид оролцдог. Энэ удаад өнжих болсон шалтгааныг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна?
-Саяхан бид Хүнсний аюулгүй байдлын талаар чуулган хийсэн. Монгол Улс НҮБ-тай байнга хамтарч ажилладаг. Энэ удаагийн чуулганд очихоо больсноор ач холбогдлоо багасгаж байгаа юм биш. Тэгш тоотой чуулгануудад очих ёстой байх. Харин сондгой тоотой чуулганд заавал очих шаардлага байхгүй. Энэ жилийн НҮБ-ын 72 дугаар чуулган бол “Хүн төвтэй хөгжил” гэсэн ерөнхий сэдэвтэй юм билээ. Хойд Солонгосын асуудлыг ч гэсэн ярих юм билээ. Энэ талаар мэдээлэл авч байгаа. Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Мөнх-Оргил оролцохоор явж байгаа. Орос, Франц, Герман гээд олон улс оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Миний хувьд өвөл ойртчихсон, хоёрдугаарт Засгийн газар маань огцорчихсон байгаа энэ үед явах нь зохимжгүй.
Шинэ Засгийн газар өнөөдөр, маргаашгүй бүрдэх асуудал яригдана. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн хувьд, Ерөнхийлөгчийн институц, Тамгын газар анхаарал тавьж байгаа юм.

-Давосын уулзалтын тухайд?
-Давосын уулзалт нэгдүгээр сард болно. Гэхдээ Ерөнхий сайдыг урина, Ерөнхийлөгчийг, Гадаад хэргийн сайдыг урина гэж урилга явуулдаг юм байна.  Одоогоор урилга нь ирээгүй байгаа учир хэн явах нь тодорхой бус байна. Гэхдээ бид гадаад айлчлалуудыг судалсны үндсэн дээр, үр дүн нь манай улсад ямар хэрэгтэй вэ гэсэн үр нөлөөг нь судалж байж хийж байна. Ийм л зорилготой байгаа.

-УИХ-ын даргад та ээлжит бус чуулганыг зарлах хүсэлт гаргасан байгаа?
-Ерөнхийдөө Засгийн газар огцроод удлаа. Тэгэхээр шинэ Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдаа томилох хэрэгтэй байна. Огцорсон Ерөнхий сайдаар үүрэг гүйцэтгэгч хийлгээд яваад байж болохгүй гэсэн санааг агуулсан бичиг явуулсан.

-Оффшор бүст данс эзэмшиж байгаа хүмүүст 49 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаа аль хэдийнэ дуусгавар болоод байна?
-Ерөнхийлөгч болсныхоо дараахан 49 хоногийг зарласан. Тодорхой хэмжээгээр ууч сэтгэлээр хандсан. Энэ асуудал дээр Авлигатай тэмцэх газар ажил хийх ёстой. Яах гэж Авлигатай тэмцэх газрыг байгуулсан юм. Улстөрчдийн авлигалын асуудлыг олж ирэх ёстой байгууллага гэж боддог. Харамсалтай нь энэ байгууллага өнөөдрийг хүртэл энэ асуудал дээр хуруугаа хөдөлгөхгүй байна. Эрх ашгийн сонирхол байна гэсэн дүгнэлт хийсэн. Ямар ч гэсэн энэ байгууллагыг шахаж ажиллаж байгаа.

-АТГ-ынхан хөдлөхгүй байна гэлээ. Тэгэхээр халаа, сэлгээ хийж хариуцлага ярих цаг нь болсон гэж бодож байна уу?
-Би бол халж, сольдог хүн нь биш. Харин санал болгож УИХ-аар оруулдаг.

-Нүүрсний экспорттой, тээвэрлэлттэй холбоотой гомдлууд эхнээсээ гарч ирж байна. Энэ талаар?
-Миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч, дараа нь ч хөршийнхөө эсрэг ямар нэгэн мэдээллийг явуулаагүй. Сошиалаар бол янз бүрийн мэдээлэл явсан. Гэхдээ сошиал гэдэг бол ардчилсан орны хувьд цензурдээгүй, хааж, зогсоогоогүй нэг сэдэв. Ерөнхийлөгч болоод нэг сарын дараа телевизэд ярилцлага өгөхдөө “Монголчуудын 80 орчим хувьд нь буддын шашинтай. Буддын шашиныхаа тэргүүнийг ирэх, ирүүлэхгүй байх нь бидний дотоод асуудал” гэж хэлсэн. Үе үеийн Ерөнхийлөгчид ингэж ярьдаг. Энэ нь ч үнэн. Үүнийг гуйвуулж яриад байгаа хэсэг бүлэг хүмүүс бий.
Нүүрсний үнийн өсөлт, буулт хоёр дээр бид эдийн засгаа томъёолж ярьдаг. Тэгэхээр бид бодит эдийн засагтай байх ёстой. Бодит эдийн засаг гэдэг нь ажлын байрыг, нэмүү өртөг бий болгосон нүүрснээс бусад бүтээгдэхүүн экспортолсон улс байх ёстой юм. Нүүрсийг нь боочихоор эдийн засаг нь уначихдаг улс байж болохгүй. Тэгэхээр гараад байгаа янз бүрийн яриа нь улстөржүүлсэн л яриа гэж ойлгож байна.

-Шинээр бүрдэх Засгийн газраас ямар хүлээлттэй байгаа вэ?
-Нам болгоны мөрийн хөтөлбөрт байдаг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чин зорилготой, эх орноо гэсэн Ерөнхий сайдтай болоосой гэж бодож байна. Эх орноо телевизийн өмнө ярьдаг биш, эх орныхо төлөө хийж бүтээх сэтгэлтэй хүмүүс л гараасай гэж хүсч байна.

-Дан, давхар дээлний тухайд юу хэлэх вэ?
-Дан, давхар дээл бол өнөөдрийн тулгамдсан асуудал биш. Энэ сайхан баян орныг хурдан босгоод авах сэтгэлтэй хүмүүс байвал хэдэн ч дээлтэй байж болно. Сэтгэл байвал дээлгүй ч байсан болно.