Бичил уурхайчид олборлосон алтаа дэлхийн зах зээлд гаргаж байна

Улсын хэмжээнд

Бичил уурхайчдын жишиг болсон Баянхонгор аймгийн холбоо, нөхөрлөлийн үйл ажиллагаатай саяхан танилцаад ирлээ. тус аймагт  11 төрийн бус байгууллага, 88 нөхөрлөл зохион байгуулалтад орсон бөгөөд нийт 600 орчим бичил уурхайчин ажилладаг байна.

Баян-Овоо сум дахь Цагаан цахирын хувиараа ашигт малтмал олборлогчидын байдал төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Мөн мөнгөн усгүйгээр алт ялган авч буй “Хонгорын хүдэр” компанийн баяжуулах цехтэй танилцав. Бас Галуут сум дахь шорооннөхөн сэргээлтийн талбай, "Батсайхан сэтгэл” ТББ-ын үйл ажиллагааг сонирхсон билээ.


Ү.Эрдэнэ: Өдөрт  600-700 кг хүдэр олборлож байгаа

/Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайчин/

-Та бүхэн хэдэн га талбай эзэмшиж байна вэ?
-Энп ажиллаж байгаа бичил уурхайчид 30 талбайг “Спейшил майнз” компани, аймаг орон нутгийн засаг захиргаа, ТББ гэсэн гурвалсан гэрээгээр ашиглаж байгаа.

-Хэдэн метрийн гүнтэй хэчнээн цооногоос хүдэр олборлож байгаа вэ?
-Нийт 30 гаруй цооног бий. Нэг цооног нь 50-80 метр гүн. Өөрөөр хэлбэл 20-иос илүү давхар байшинтай тэнцэнэ гэсэн үг. Нэг цооногт 2-3, заримд нь 10 хүн ажиллаж байгаа.

-Гарч буй алт хэдэн хувийн сорьцтой байна вэ?
-Тухайн цооногоос олборлож буй хүдрийн агууламжаас ихээхэн шалтгаална. Ер нь 760-920 сорьцтой гардаг. Эхний цооногыг 10 гаруй жил ашигласан тул хүдэр дэх алтны агууламж муудсан. Алны судалтай хамгийн урт хэсэг нь 1.8 метр байдаг.

-Шинэ цооног нээх боломж хэр байдаг вэ?
-Бид үйлдвэрлэлд ашигласан талбайд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр гарц сайтай судал олж цооног нээнэ гэдэг хэцүү. Алт гарахгүй бол ёстой нөгөө шатна гэдэг л болно. Нэг цооног нээхэд дор хаяж 25 сая төгрөг шаардлагтай. Манай нөхөрлөлүүд ийм хэмжээний хөрөнгө гаргахад хүнд. Олсон орлого маань амьдарлын хэрэгцээндээ таардаг юм.

-Өдөрт хэдэн тонн хүдэр олборлож байна. Алтны үнэ ханш ямар байгаа вэ?
-Бид өдөр болгон ажилладаг. Тэгээд 600-700 кг хүдэр олборлож байгаа.  Олборлосон алтаа Монголбанкинд тушаадаг. Одоогоор нэг гр алт 90-101 мянган төгрөгийн үнэтэй байна.

-Сард хэдий хэмжээний татвар төлдөг вэ?
-Хүн амын орлогын албан татвар төлдөг. Нэг нөхөрлөл сард 200 гаруй мянган төгрөгийн татвар төлж байгаа.



С.Чинзориг: Бид жилд дунджаар 85-90 кг алт ялган авах боломжтой


 “Хонгорын хүдэр” ХХК-ийн хүдэр баяжуулах үйлдвэрийн менежер С.Чинзориг

-Танай үйлдвэр хэзээ байгуулагдсан бэ?
-Энэ үйлдвэр 2011 онд Засгийн газар, Уул уурхайн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг, тодорхой дэмжлэг  хувийн хэвшлийн оролцоотой байгуулагдсан. Ингээд туршилтийн журмаар ажиллаж байгаад 2014 оны гуравдугаар сараас албан ёсоор “Хонгорын хүдэр” компани болоод ажиллаж байна.
-Хүдэр боловсруулах үйлдвэр ямар хүчин чадалтай вэ?
-Бичил уурхайчдын авч ирсэн алтны хүдрийг эхлээд 60 мм болтол буталдаг. Тэгээд нунтаглах тээрэмд оруулж гурил шиг хэлбэртэй болгоно. Үүнийг сэгсрэх ширээнд оруулж алт болон бусад хүнд металлуудыг нь ялган авдаг. Ингээд лабораторид оруулж алтаа хайлуулж гаргана.  Хоногт 10 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Засвар үйлчилгээ, сул зогсолтоо тооцоод жилд 304 хоног ажилладаг. Иймд жилд 3040 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм. Одоогоор хүчин чадлынхаа 60-80 хувийг ашиглаж байгаа. Энэ нь хүдэр нийлүүлэлтээс хамаардаг. Манай үйлдвэрт 33 хүн гурван ээлжээр 24 цагын турш  ажилладаг. Үйлдвэрийн технологийн нарийн дамжлага, засвар үйлчилгээнд манай ажилчид ажиллана. Хүдрээ бутлах, боловсруулах, бутлах, нунтаглах, сэгсрэх ширээгээр алт болон хүнд металлыг ялгах дамжлагад нөхрөлөлийн гишүүд өөрсдөө хяналт тавьдаг. 

-Хэчнээн нөхөрлөл хүдэр боловсруулахаар өгч байна вэ?
-Манайд бүртгэлтэй 45 нөхөрлөл хүдэр авч ирж боловсруулдаг. Энэ тоо нэмэгдсэн. Манайх сум, орон нутгийн зөвшөөрөлтэй, төрийн бус байгууллагад бүртгэлтэй нөхөрлөлүүд хүдэр авч ирж боловсруулж байна.

-Та бүхэн жилд хэдий хэмжээний алт дунджаар ялган гаргаж байна вэ?
-Бид жилд дунджаар 85-90 кг алт ялган авах боломжтой. Хамгийн гол нь ирж буй хүдрийн алтны агуулга харилцан адилгүй учраас жилд тэд өд гэж багцаалхад хэцүү.

-Хүдэр боловсруулсан нөхөрлөлийн гишүүд алтаа хаана тушаадаг вэ?
-Манайд голдуу тушаадаг. Бид бичил уурхайчдаас авсан алтаа Монголбанкинд шууд тушааж байгаа.

-Нэг хүдрийг хэдэн төгрөгөөр боловсруулж байна вэ?
-Бид 150 мянган төгрөгөөр боловсруулдаг. Үүнд үйлдвэрлэлийн бүхий л процесын үйл ажиллагаа орно.

-Үйлдвэрлэлийн хаягдлаа хаана байршуулж байгаа вэ?
-Бид энэ жил “Спейшил майнз” компанид нийлүүлж байгаа. Манай үйлдвэрийн технологи нэг тонн хүдэрт байгаа алтны  70-74 хувийг ялган авдаг.  Үлдсэн нарийн ширхэгтэй алтыг нь  цианид ашиглах эрхтэй компанид тушааж боловсруулдаг юм.  энэ үлдсэн шламаас олсон орлогоо бичил уурхайчидтай хувааж авна. Мөн манай үйлдвэр энэ орлогынхоо 20 хувийг аймаг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх гэрээтэй.

-Үйлдвэрийн ачаалал хэр байна вэ?
-Энэ жил ачаалал харьцангуй бага байна. Бичил уурхайчдын ашиглаж буй газрын хэмжээ багассан. Алтны хүдэр дэх гарц буурсантай холбоотой. Бид цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр ТЭЗҮ хийгээд байгаа.


Германы “Трейд Гоулд” компани  эко алтыг Европын зах зээлд борлуулна

Баянхонгор аймгийн Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо /ХАМОДХ/ ТББ-ын тэргүүн Ч.Отгонбаатар “Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хариуцлагатай бичил уурхайчид болсон. Манай байгууллага 2005 онд байгуулагдсан бөгөөд эгнээндээ 300 гаруй бичил уурхайчид бүхий нөхөрлөлүүдийг нэгтгэсэн юм. ХАМОДХ нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр 2015 онд Колумбын улсад төвтэй “Хариуцлагатай уул уурхайн холбоо”-оос одоогийн байдлаар Ази тивд анх удаа, дэлхийд хоёр байгууллагад олгогдсон “Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээг авсан. Уг гэрчилгээг авахын тулд тухайн байгууллага алт олборлох явцдаа мөнгөн ус, цианид ашиглаагүй, байгаль орчинд хор хөнөөл багатай, эдийн засаг, технологийн хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлсэн байгууллага болохоо тодорхойлох нийт 200 гаруй стандарт шалгууруудыг бүрэн хангасан гэсэн үг. Бид  жил бүр олон улсын аудитын байгууллагаар үйл ажиллагаагаа хянуулан, баталгаажуулан ажиллаж байна. Түүнчлэн 2016 онд ХАМОДХ ТББ нь олборлосон анхны 1 кг алтаа олон улсын зах зээлд борлуулж 6000 ам. долларын урамшуулал авсан.  Энэ онд Герман улсын “Трейд Гоулд” компанитай хамтран Шудрага Олборлолтын эко алтыг Европын зах зээлд борлуулахаар төлөвлөн ажиллаж байна” хэмээн ярьсан юм.

Дашрамд дурдахад эко аргаар олборлосон алтаар үйлдвэрлэгдсэн үнэт эдлэл болон бусад бүтээгдэхүүнүүд Ази, Европ, Австрали, хойд болон өмнөд Америк тивийн нийт 18 оронд борлуулагддаг аж. Мөн олон улсад шударга олборлолтын эко алтыг Chopard, Gucci зэрэг дэлхийн томоохон брэндүүд гоёл чимэглэлийн бүтээгдэхүүндээ хэрэглэдэг. Мөн жил бүр томоохон нээлт хийсэн эрдэмтдэд олгодог, Нобелийн шагналын одонг энэхүү эко алтаар бүтээдэг ажээ.
Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл нь 2005 оноос хойш Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Уг төслийн 4 дэх үе шат нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайн талаарх олон улсын сайн туршлагаас суралцах, үр шимийг хүртэх, хувь нэмэр оруулах зорилготой юм.