Ө.Энхтүвшин: Намд үүссэн энэ асуудал төрийн зовлон болж хувираад байна

Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлээд байгаа УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өнөөдөр Ийгл телевизийн шууд ярилцлагад оролцжээ. Тэрбээр сэтгүүлч Б.Жаргалмаатай цаг үе, нам болон УИХ-ын 65 том бүлэгт үүсээд байгаа нөхцөл байдал, асуудлыг шийдвэрлэх арга замын талаархи байр суурь, Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэх болсон шалтгаан гээд өнөөдөр хүн бүхний анхаарал татаж байгаа сэдвээр ярилцжээ.

 

Түүний ярилцлагаас зарим онцлох ишлэлийг  түүвэрлэн хүргэж байна. Ингэх нь тухайн хүний үзэл бодлыг илүү тодруулахад танд дөхөмтэй байх биз ээ.

-Нөхцөл байдал амаргүй байна. Нам дотор ч УИХ-ын бүлгийн дотор ч. Хуваагдал бий болоод байна. Намд үүссэн энэ асуудал төрийн зовлон болж хувираад байна.   Тэр нь  цаашид ард түмний гэхчлэн шаталж нөлөөлөх нөхцөл байдал үүсээд байна. Үүнийг зүгээр хараад суух боломжгүй боллоо. Энхтүвшин чи, энэ намын даргаар ажиллаж, улстөрд 20 гаруй жил болж, үнэхээр УИХ-д таван удаа сонгогдож байсан юм бол хүнд хэцүү цаг үед нь зочин шиг зүгээр хараад сууж байх эрх байхгүй. Төрийнхөө төлөө, улсынхаа төлөө зүтгэх ёстой гээд л захидал бичээд байж байна. Тэгэхээр сэтгэлийн дуудлагаараа нэр ээ дэвшүүллээ.            

-Энэ намын үнэт зүйл бол эв нэгдэл гэдэг юм л байсаар ирсэн. Гэхдээ эв нэгдэл гэдэг зүгээр нэг тунхаглалын шинжтэй байж болохгүй.  Бас хуурамч эв нэгдэл хэрэггүй. Тэгэхээр  ямар эв нэгдэл хэрэгтэй вэ гэхээр яг үнэт зүйл дээрээ,  зарчим дээрээ ойлголцсон, түүнийг тойрч  нэгдсэн ийм л  эв нэгдэл хэрэгтэй. 

-Зарчимуудаа зөв өрж, түүн дээрээ ойлголцох хэрэгэй. Угаасаа ингэж л явж ирсэн нам шүү дээ.

-Нам талцлаа гээд энд ялагч гэж байхгүй. Хэн ялагдагч болохов гэхээр нам л ялагдагч болно,  энэ улс орон л ялагдагч болно. Тийм учраас хүссэн хүсээгүй ойлголцох ёстой.

-Хэрэв манай нам фракцид хуваагдаад явсан бол 4 жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэнэ гээд  байж байхгүй. Задраад үгүй болох байсан.  Энэ чинь л бас нэг үнэт зүйл шүү дээ.

-Манай намын  үзэл баримтлал тодорхой. Ардчилсан социалист үзэл баримтлалал. Шинэчлэлийн тухай ярихад ч үзэл баримтлалаа шинэчлэнэ гэж ярьдаггүй. Тэгэхээр үзэл баримтлалаасаа болж хуваагдаад байна гэж ойлгож болохгүй.

-Намд эрх ашгийн эрэмбэ гэж нэг юм байгаа юм. Эхлээд улс орны, дараа нь намын, тэгээд хэсэг бүлгийн, хамгийн сүүлд  хувийн эрх ашгийг бодно гэхчлэн эрх ашгийн эрэмбэ гэж байгаа.  Энэн дээрээ ойлголцоод зарчмаа тодорхой болгоод явах ёстой юм. 

-Мэргэжлийн Засгийн газраа  манай нам мартаж болохгүй. Мэргэжлийн засгийн газар гэж юуг хэлээд байна вэ гэхээр минийхээр бол  тухайн салбар, ажлаа мэддэг, тэр салбарын хамт олон дундаа нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн  оновчтой зөв шийдвэр гаргадаг хүмүүсийг  Засгийн газарт оруулах ёстой.

-Ард түмэн асар их өндөр итгэл хүлээлгэлээ. Асар их зүйлийг хүлээж байгаа. Үүний цаана бас асар  их хариуцлага үүрүүллээ. Энэ 65 гэдэг тоог ингэж л унших хэрэгтэй.

-Ийм их итгэл хүлээчихээд ард түмнийхээ магнайг  тэнийлгэж чадахгүй бол цаашдаа их хүнд болно. 2020 оны сонгуулийн дүнгийн тухай яриад ч хэрэггүй.