Бразилын 6 иргэн нийт хүн амын 50 хувийн хөрөнгөтэй тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгөтэй байна

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Шиньхуа/. Бразилын хамгийн баян зургаан хүн тус улсын нийт хүн амын тал хувийнх нь хөрөнгөтэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгө мөнгөтэй байгааг Их Британийн “Оксфам” ТББ-ын хийсэн судалгааны дүн харууллаа.




Хятадын “Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, өнөөдөр танилцуулсан уг судалгааны тайланд “Архи, ундаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай-Би ИнБев” компанийн захирал Карлос Альберто Сикупира, “Сафра” банкны тэргүүн Жозеф Сафра, “Фэйсбүүк” компанийг үндэслэгчдийн нэг бөгөөд алдартай хөрөнгө оруулагч Эдуардо Саверин нарын зургаан хүний хөрөнгө Бразилын 100 сая иргэний хөрөнгөтэй тэнцэх хэмжээтэй байна” гэжээ.

Мөн тус улсын хүн амын ердөө 5-хан хувь нь үлдсэн 95 хувьд хамаарах хүн амын хөрөнгөтэй тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгөтэй байгааг уг судалгаагаар тогтоосон байна.

Бразильд баян, ядуугийн ялгаа улам бүр өргөжин тэлсээр байна. Хар арьст бразильчууд цагаан арьстнуудаас бага, эмэгтэйчүүд эрчүүдээс бага цалинтай байна.

Бразил нь эрх тэгш бус байдлаараа Латин Америкт дээрээсээ гуравдугаарт буюу Колумб ба Гондурасын дараа орж байгаа ажээ.

“Оксфам” ТББ-ын төлөөлөгч Катя Майя “Бразильд хамгийн тулгамдсан асуудал нь эрх тэгш бус байдал болоод байна. Тус улсад баян, ядуу хоорондын ялгаа хүлээн зөвшөөрөхийн аргагүй хэмжээнд хүрээд байна” гэж ярьжээ.

Г.Доржханд http://montsame.mn/read/67005