Гадаад орчин таатай хэвээр байвал Монголын эдийн засаг улам сэргэх боломжтойг санууллаа

Азийн хөгжлийн банкнаас жил бүр нийтлэн гаргадаг “Азийн хөгжлийн төлөв 2017” эдийн засгийн тайлангаас есдүгээр сарын 26-ны өдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

 

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен, тус суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий, мөн суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар нар Азийн хөгжлийн төлөв байдал болон Монголын эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар ярьсан юм. 

Азийн хөгжлийн банк (АХБ)-наас гаргасан шинэ тайланд Монгол улсын эдийн засгийн 2017 оны эхний хагаст ажиглагдсан эерэг гүйцэтгэл нь нүүрсний экспорт нэмэгдэж, бизнесийн орчин сайжирснаар цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтаа хадгалж, гадаад орчин таатай хэвээр байвал Монголын эдийн засаг улам сэргэх боломжтой юм гэж дурджээ.

АХБ-наас гаргадаг эдийн засгийн гол тайлан болох “Азийн хөгжлийн төлөв 2017” тайлангийнхаа шинэчилсэн дугаарт Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2017 онд 4 хувь болон 2018 онд 3 хувь байна гэж төсөөлсөн нь 4 дүгээр сард гаргасан 2.5 болон 2 хувийн таамаглалтай харьцуулахад өссөн дүн юм гэж тэмдэглэсэн байна.

Ёланда Фернандез Ломмен: Илүү өндөр бүтээмжийг бий болгохын тулд бүр ч их зүйлийг хийх хэрэгтэй

АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Монголын эдийн засгийн өсөлт 2017 онд хүлээгдэж байснаас илүү өндөр байлаа” гэж хэлээд, “Ирээдүйн эдийн засгийн өсөлтийг хангахад нэн чухал уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх Засгийн газрын эрмэлзлэл нь төлөвлөгөөт хөрөнгө оруулалтыг баталгаажуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Монголын ашигт малтмалын нөөц баялгийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь улс орны ирээдүйн хөгжилд чухал хэдий ч, уул уурхайн салбарт тулгуурласан өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй байлгах, мөн эдийн засгийн төрөлжилт, илүү өндөр бүтээмжийг бий болгохын тулд бүр ч их зүйлийг хийх хэрэгтэй болно.” хэмээн сануулж онцлов.

Эдийн засаг 2016 онд 1.2 хувийн өсөлттэй байсан бол 2017 оны эхний хагаст 5.3 хувиар өсч хүчтэй сэргэсэн байна. Нүүрсний экспорт цаашид ч өндөр хэвээр байх магадлал, мөн бизнес хийх итгэлийг сэргээхэд нэмэр болсон ОУВС-гийн хөтөлбөр тавдугаар сард батлагдсан зэрэг нь таамаг хамрах хугацаанд өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлс юм гэж тайланд дурдсан байна.

Оны эхний хагаст төсвийн орлого 41.1 хувиар өссөнөөр төсвийн зарлага 9.6 хувиар өсч, улмаар төсвийн алдагдал 34.1 хувиар буурч дотоодын нийт бүтээгдэхүүний 5.8 хувьтай тэнцсэн байна. Мөн эхний хагас жилд нүүрсний экспорт огцом нэмэгдэж гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 69.5 хувиар өсч, урсгал дансны алдагдал 42.8 хувиар буурч ДНБ-ний 5.6 хувьтай тэнцжээ. Гадаад валютын албан нөөц 6 дугаар сарын эцсийн байдлаар 2016 оны эцсийнхээс өөрчлөгдөөгүй буюу 1.3 тэрбум ам.доллар байгаа нь 2.6 сарын импортын дүнтэй тэнцэж байна. Эдгээрээс улбаалан оны эхнээс 6 дугаар сар хүртэлх хугацаанд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.6 хувиар чангарчээ.

АХБ 2020 он хүртэл  Монгол Улсад нийт 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгоно

Инфляци эхний хагас жилд дунджаар 3.0 хувьтай байсан нь 2016 онд төгрөг суларч импортийн өндөр үнээр дамжин үнийн өсөлтөд нөлөөлж эхэлсэнтэй холбоотой. Түлшинд тавигдсан онцгой татвар түлшний үнийн өсөлтөд нөлөөлөөгүй учир инфляцийн таамгийг бууруулж тогтоолоо. Оны хоёрдугаар хагас жилд импортын хэмжээ үргэлжлэн өсөх хандлагатай байгаа учир урсгал дансны алдагдал энэ жил ба ирэх жил нэмэгдэх төлөвтэй байна хэмээн энэ үеэр ярив.

Өсөлт буурахад нөлөөлөх эрсдэлд түүхий эдийн үнэ буурах, газар нутгийн дийлэнх хэсэгт гантай байгаагаас газар тариалан, мал аж ахуйн салбарт нөлөөлөх  зэргийг нэрлэж болно. Өсөлт нэмэгдэхэд нөлөөлөх хүчин зүйлд БНХАУ-ын өсөлт үргэлжлэх, тус улсын нүүрсний дотоодын нийлүүлэлтэд шок үүсэх, мөн зэсийн үнэ өсөх зэргийг дурдлаа.

Энэ оны 5 дугаар сард АХБ, Монгол Улсын Засгийн газрын хэлэлцэн баталсан ирэх 4 жилд хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратеги нь эдийн засгийн хүндрэлтэй цаг үед хүртээмжтэй өсөлтийг хангахад Монгол Улсад туслах юм байна. Түншлэлийн стратегийн хүрээнд 2020 он хүртэл АХБ Монгол Улсад нийт 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөжээ. Энэ төлөвлөлт нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих гэсэн үндсэн 3 чиглэл дээр төвлөрч ажиллах юм байна. Төрийн салбарын удирдлага, жендерийн тэгш байдал гэсэн хоёр чухал сэдэв нь бүх салбарыг хамарсан байдлаар уг стратегид тусгагджээ.

Филиппин Улсын Манила хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банк нь бүс нутаг дахь хөгжлийн түншлэлийн 50 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байна. АХБ-ны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог аж.  Харин 2016 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ 31.7 тэрбум ам.доллар байгаагаас 14 тэрбум ам.долларыг хамтын санхүүжилтээр олгосон гэж мэдээллээ.

Б.Баярмаа