Шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшилжээ

“Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааны үр дүнг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс танилцууллаа.

 

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 4 жилийн хугацаанд шүүх засаглалыг шинэтгэх олон томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар хэрэгжиж эхэлсэн энэхүү томоохон ажил өнөөдөр тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч эхэлснийг энэхүү судалгааны үр дүн харуулжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2013 онд шинэчлэн байгуулагдсан бөгөөд шүүхийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, олон нийтийн хяналтыг тогтоох нөхцлийг бүрдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх байдалд онцгой анхаарч ажиллаж ирсэн байдаг. Тиймээс “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг 2014 онд батлан хэрэгжүүлж байгаа ажээ. Ингэхдээ “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” сэдэвт судалгааг жилд хоёроос доошгүй удаа явуулж байхаар шийдвэрлэсэн байна.

Харин энэ удаагийн судалгааг шүүхийн үйлчилгээ хүндрэл бэрхшээл, шүүх өөрчлөгдсөн эсэх, шүүхэд итгэх иргэдийн итгэл шударга байдал, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүхийн шинэтгэлд тулгарч буй сорилт гэсэн байдлаар томёолон Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн шүүхийн 39 тамгийн газраар дамжуулан шүүхээр үйлчлүүлсэн 1523, үйлчлүүлээгүй 1523 иргэнээс авсан байна. Санал асуулгын дүнгээр нийт оролцогсдын 63,1 хувь нь шүүхэд итгэдэг хэмээн хариулжээ. Энэ нь шүүхэд итгэх иргэдийн итгэл эрс дээшилснийг харуулж байгаа юм. Учир нь 2007 оны судалгаагаар иргэдийн итгэл 30-аас доош хувьтай байжээ. Мөн шүүхийн шинэтгэл иргэдэд хүрч байгаа гэж тал хувь нь хариулсан бол шүүгчийн мэдлэг, ур чадварт эргэлздэг гэж 32,5 хувь нь хариулсан байна.

Гэвч зарим иргэдийн дунд шүүхэд итгэдэггүй, муу гэх хандлага байсаар байгаа. Харин шүүхээр үйлчлүүлж байсан хүмүүсийн шүүхэд итгэх итгэл харьцангуй сайн байдаг бол үйлчлүүлж байгаагүй хүмүүсийн итгэл тааруу байгаатай холбоотой юм. Энэ нь олон жил ам дамжин яригдсан бодит бус яриатай холбоотой гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Мөн шүүх бие даасан хараат бус байх ёстой. Үүнийг ч сүүлийн жилүүдэд нилээд ярьж тодорхой ахиц гарч байгаа. Шүүх, шүүгч нь хуулийг мөрдөж аливаа шийдвэрээ гаргадаг учраас шүүхийн аливаа шийдвэр эцсийнх, заавал хэрэгждэг байх ёстой. Харин шүүхийн шийдвэр хугацаа хоцорч ирдэг гэж нилээд иргэд үзсэн бөгөөд энэ нь төсөв санхүү, орон тоо, шүүх, шүүгчийн хэт ачаалалтай байдлаас шалтгаалдаг аж.   

Дээрх судалгааны дүнгээс харахад манай улс мэргэшсэн хуульч бэлтгэх тогтолцоог сайжруулж, ШЕЗ-ийн дэргэд шүүгч ажилтнуудыг бэлтгэн дадлагажуулдаг коллежтэй болох зэрэг шүүхийн хүний нөөцийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх шаардлагатай гэж үзжээ.