Д.Ган-Очир: Монголбанк мөнгөний болон хяналт шалгалтын бодлогуудаа ашиглаад зээлийн хүүг бууруулна

Т.ЖАНЦАН

Монголбанк “Жижиг дунд үйлдвэрлэгчдийн өнөөгийн байдал санхүүжилтийн төлөв” судалгаа хийжээ. Үүнийгээ жижиг дунд үйлдвэрлэгчид болон холбогдох яамд, төрийн байгууллагын төлөөлөгчдөд танилцуулав. Энэ үеэр Монголбанкны статистик судалгааны газрын захирал Д.Ган-Очироос жижиг дунд үйлдвэрлэгчдэд учирч буй бэрхшээл, зээлийн хүү, санхүүжилтийн талаар тодрууллаа.


-Жижиг дунд үйлдвэрлэгчдэд ямар ямар бэрхшээл учирч байна вэ?
-Монголбанк сүүлийн зургаан жил “Жижиг дунд үйлдвэрлэлийн байдал, санхүүжилтийн төлөв” гэсэн судалгаа хийж байна. Судлагааны үр дүнгээс харвал сүүлийн гурван жилд нь санхүүжилт хүнд, зээлийн нөхцөл бэрхшээлтэй байна гэсэн хариултыг үйлдвэрлэгчид өгч байгаа юм. Тухайлбал, санхүүжилт олох ганц суваг нь банк. Гэтэл зээлийн хугацаа богино 1-2 жил, хүү өндөр, байгаа нь санхүүгийн хэрэгцээгээ хангаад ашиг олж эргүүлж төлхөд хүндрэл бэрхшээл учирч байгааг удаа дараа хэлж ирсэн. Үүнээс гадна учирч байгаа нэг том бэрхшээл бол төрийн байгууллагуудын хүнд суртал юм. Иймд чирэгдэл багтай болгох, холбогдох зөвшөөрлүүдийг авхад зардал гардаг. Энэ нь зөвхөн хураамжтай холбоотой биш. Эдгээр асуудал жижиг дунд үйлдвэрлэл эрхэлэхэд хүндрэл учруулж байгаа гэдэг. Монголбанк бол судалгааны байгууллага. Нөгөө талаас санхүүгийн төв байгууллагын нэг нь. Ийм учраас төрийн байгууллагуудад жижиг дунд үйлдвэрлэгчдийн тавьж буй хүсэлт, шаардлагыг дамжуулж өгөх гүүр болно. Мөн санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, зээлийн нөхцөлийг нь эрэлт хэрэгцээнд нь тохируулах, санхүүгийн зах зээлийн ямар ямар дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг тодорхойлно. Эдгээрийг 2018 оны мөнгөний бодлогод тодорхой оруулсан. Тэгэхдээ санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг УИХ-аар батлуулах юм. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.


-Тэгвэл зээлийн хүүг бууруулах боломж хэр байна вэ?
-Судлаачид, улс төрчид, жижиг дунд үйлдвэрлэгчид зээлийн хүүг бууруулах тухай асуудлыг байнга тавьж ирсэн. Тэгэхдээ зээлийн хүүг буулга гэж захиргаадалтын аргаар шууд шийдэж болохгүй. Макро эдийн засгийн суурь хүчин зүйлд нийцтэйгээр буулгах ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн өнөө үед зээлийн хүүг шууд буулгах боломж хомс юм. Гэвч шат дараатай буулгах ёстой. Бусад улсуудад зээлийн хүү 10 хувь дотор байхад бизнес эрхлэгчдэд таатай байна гэсэн судалгаа бий. Гэтэл зээлийн хүүг энэ хэмжээнд буулгах нь банкуудын эх үүсвэр татаж буй хадгаламжийн хүүтэй нягт уялдаатай. Тэгэхээр манай нөхцөлд хадгаламжийн хүү 70 хувийг эзэлдэг. Үлдсэн 14 орчим хувьд эх үүсвэр татдаг. Зургаан хувь нь зээл, хадгаламжийн хүүгийн зөрүү болно. Үүнд чанаргүй зээлийн хувь хэмжээ өндөр байгаа, банкуудын зээлээс хүлээж буй эрсдэл, үйл ажиллагааны зардал өндөр байдал нь шингэж байгаа. Иймд хадгаламжийн хүү буурвал зээлийнх дагаад багасах бололцоотой. Тэгвэл хадгаламжийн хүү яагаад өндөр тогтоод байгааг харая. Нэг талаас инфляц өндөр байна. Инфляцыг 8 хувь дээр тогтворжуулах, улмаас 6 хувь руу буулгавал хадгаламжийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаар эдийн засагт долларжих үзэгдэл маш өндөр байгаа юм. Валютын ханшийн хэлбэлзэл үүнд нөлөөлдөг. Төв банк долларжилтыг бууруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Энэ хэрээр хадгаламжийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Мөн банкуудын чанаргүй зээлийн хувь хэмжээ 9-10 хувьтай болсон. Тэгэхээр 100 төгрөгийнх нь 10 төгрөг нь алдагдал болж байгаа банкууд үүнийгээ нөхөж хэвийн үйл ажиллагаа явуулах ёстой. Иймд чанаргүй зээлийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх шаардалга гарч ирсэн. Уг асуудлыг шийдвэрлэх, банкуудын хэвийн үйл ажиллагааг хангах талаар Монголбанк ажиллаж байна. Тухайлбал, банкуудад активын чанарын үнэлгээ хийж байгаа. Энэ үнэлгээгээр банкуудын бодит байдлыг харна. Үүний үндсэн дээр чанаргүй зээлийн асуудлыг шийдэх стратеги холбогдох арга хэмжээг Монголбанкнаас шат дараатай авна. Энэ бүх цогц үйл ажиллагаа нь чанаргүй зээлийг бууруулж, инфляц тогтворжино гэж харж байгаа. Улмаар хадгаламж, зээлийн хүү буурах юм. Мөн эдийн засаг тогтворжихын хирээр мөнгөний бодлогын хүү буурах бололцоо бүрдэнэ. Ер нь энэ бүгдийг нэгдсэн цогц уялдаа холбоотой хэрэгжүүлбэл эдийн засгийн макро орчин зээлийн хүүг бууруулах нөхцөл олгох юм.


-Үе үеийн Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл чамгүй олгосон. Энэ зээл бодит үр дүнд хүрсэн үү. Жижиг дунд үйлдвэрлэгчид хэрхэн дүгнэж байна вэ?
-Судалгаанд оролцсон жижиг дунд үйлдвэрлэгчид Засгийн газрын хөнгөлөлттэй зээл үр дүнд хүрсэн гэж хариулсан. Гэвч хүртээмж нь хангалтгүй байсан гэдэг. Тэгэхээр үүнийг зорилтод бүлэгт нь хүргэх талаар төр засаг, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн зүгээс анхаарах асуудал хэвээр байна гэсэн үг юм.


-Та дээр эдийн засаг дахь долларжих үзэгдэлийг бууруулна гэлээ. Яг ямар ямар арга хэмжээ авах вэ?
-Жишээ нь банкуудын пассив буюу хадгаламж татах явдал нь ам.доллараар байх хандлага байна. Нэгэнт ам.долларын хадгаламж татсан банкууд валютын зээл олгох сонрихолтой байгаа. Үүнийг бууруулахын тулд төв банкнаас мөнгөний бодлогын хэрэгсэл болох банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлнэ. Ингэснээр банкууд төгрөгөөр хадгаламж татахыг илүүд үзнэ гэсэн үг. Мөн валютын зээлийн эрсдэлийн жин гэж бий. Валютаар зээл авч буй тохиолдолд түүний эрсдэлийн жинг өндөрөөр тогтооход банкууд валютаар зээл өгөх сонирхол нь буурдаг. Валютын зээлийн хүү өндөр байхад хүмүүс төгрөгийн зээл авах сонирхолтой болно. Тэгэхээр зах зээлийн механизмд суурилсан мөнгөний болон хяналт шалгалтын бодлогуудаа ашиглаад төв банк долларжилтыг шат дараатай бууруулах юм.