М.Энхболд: Төрийн алба улс төрөөс хэтэрхий хараат явж ирсэн нь нууц биш

УИХ-ын намрын чуулганы нээлт дээр УИХ- ын дарга М.Энхболдын хэлсэн үгээс зарим онцлох ишлэлийг түүвэрлэн хүргэж байна.

 

-Инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Үүнийг үндэслэн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн.

 

-УИХ 2018 оны улсын төсөв, мөнгөний бодлогыг батлахдаа өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн төсөв, санхүүгийн бодлогоо тогтвортой хадгалж, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тууштай дэмжих болно.

 

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газар огцорсон ч УИХ дахь олонхи буюу эрх баригч намаас сонгуулийн үеэр иргэддээ өгсөн амлалт, дэвшүүлсэн бодлого, хөтөлбөр хэвээр байгаа.

 

-Шинээр бүрдэх Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, УИХ-аас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж ажиллах ёстой.

 

-Ерөнхий сайд, Засгийн газар солигдсоноор төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын орчин ойлгомжгүй, тодорхойгүй болох, төрийн байгууллагуудын сахилга, хариуцлага суларч, аж ахуйн нэгж, иргэдийг чирэгдүүлэх явдал хэрхэвч байж таарахгүй.

 

- Өрийн хэмжээ нимгэрэх болоогүй, тийм боломж хараахан бүрдээгүй байгаа. 2017 оны наймдугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад, дотоод өр, зээллэгийн өнөөгийн үнэ цэнээр тооцсон үлдэгдэл 19.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 73.8 хувьтай тэнцэж байна.

 

-Он гараад “Чингис”, “Дим Сам” бондын зээлийн эхний төлбөр гэрээний дагуу хийгдэж эхлэх ёстой. Энэ бол шинээр байгуулагдах Засгийн газрын төдийгүй Монгол Улсын өмнө тавигдаж байгаа томоохон сорилт юм.

 

-Бондын төлбөрийг төлөхдөө гадаад зах зээлээс эх үүсвэр татаж, дахин санхүүжүүлэх аргаар удаан явахгүй нь ойлгомжтой. Тиймээс Засгийн газрын өрийн удирдлагын стратеги, бүтцийг шинээр тодорхойлж, өрийн үйлчилгээний төлөвлөгөөг шинэчлэх, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, хуримтлал үүсгэх, бий болсон хуримтлалаас өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэдэг болоход анхаарах учиртай.

 

-Мөн эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, түүхий эдийн үнээс хэт хамааралт эмзэг байдлыг бууруулах бодлого Ерөнхий сайд хэн байхаас, түүнчлэн эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрчлөгдсөн, эсэхээс үл хамаарч тогтвортой, тууштай хэрэгжиж байвал зохино.

 

-УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд гүйцэтгэх засаглалд тавих хяналтаа сайжруулах ёстой. Хуульд заасны дагуу хагас жил тутамд хууль тогтоомж, УИХ-аас баталсан бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын гишүүдийн тайланг холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлэх ажлыг энэ чуулганаас эхлэн хэвшүүлнэ.

 

- УИХ өөрийн баталсан хууль тогтоомжоо нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралын харилцааг зохицуулж чадаж байгаа, эсэхтэй танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой.

 

-Улс орны санхүүгийн бололцоонд тулгуурлан багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг шат дараатай нэмэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

-Энэ намрын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөж байна. Хүн амын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийг үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болгож, суурьшлын шинэ бүсэд шилжин байрших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын бодлогыг хуульчилна.

 

-Агаар цэвэршүүлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх чиглэлийг баримтална.

 

-Оршин сууж буй орчноо тохижуулсан, мод бут тарьсан, нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан иргэнийг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 

-Цаг нь болсон, өөрчлөх ёстой, бусад улс орны жишиг ийм гэдгээр Үндсэн хуулийн асуудалд хандах нь нэг талаар өрөөсгөл бөгөөд “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болж магадгүй тул юуг, яаж өөрчлөх вэ гэдгийг сайтар судалж, эрдэмтэн мэргэд, улс төрийн намууд, олон нийтийн санал бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлан, зөвхөн “зайлшгүй”-г хөндөх замаар шийдвэрлэвэл зохино.

 

-Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцлийг сайжруулж, тогтвортой, хариуцлагатай засаглал тогтоох, парламентын засаглалыг бэхжүүлж, улс төрийн намуудад шинэ соёл, төлөвшил бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлагад нийцсэн, нийгмийн бүх талуудын санаа бодол, байр суурь нэгдсэн асуудлаар л Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжинэ.

 

-Төрийн бодлогын залгамж чанар, хэрэгжилт, иргэнээ дээдэлсэн төр оршихын баталгаа нь төрийн алба мэргэшсэн тогтвортой байж чадах, эсэхээс ихээхэн хамаарч байна. Төрийн алба улс төрөөс хэтэрхий хараат явж ирсэн нь нууц биш. Төрийн алба тогтворгүй болохоор төрийн албан хаагч нь мэргэшиж чадахгүй, мэргэшсэн төрийн албан хаагчгүй болохоор төр нь дархлаагүй болсоор байна.

 

-Амласан амлалт, төлөвлөсөн ажил их ч хугацаа бага байна.

http://www.zaluu.com/read/18g783bea