С.Цогтсайханы нэрэмжит шагналыг сэтгүүлч, иргэний хөдөлгөөний зүтгэлтэнд олгоно

Ардчилсан хувьсгалын нэрт дууч, сэтгүүлч, нийтлэлч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, МоАХ-ны анхны Ерөнхий Зохицуулах Зөвлөлийн гишүүн, “Хонх” хамтлагийн ахлагч С.Цогтсайхан агсны дурсгалыг мөнхжүүлэхийн тулд сэтгүүлч, иргэний хөдөлгөөний зүтгэлтэн нарт түүний нэрэмжит шагналыг жил бүрийн 12 дугаар сард олгох болжээ.


Шагналын зорилго нь С.Цогтсайхан агсны үзэл санаа, уриа дуудлагаар Монголын нийгмийг эрүүлжүүлж, хөгжлийн шинэ санал илэрхийлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй сэтгүүлч, иргэний хөдөлгөөний зүтгэлтнийг алдаршуулах аж.
С.Цогтсайханы нэрэмжит шагналд нийгмийн өмнө тулгамдсан тодорхой асуудлыг зоригтой хөндөж, сэтгүүлзүйн бүх төрлөөр чансаатай бүтээл туурвиж, олонд хүргэж дэмжлэг хүлээн, үр дүнд хүрсэн сэтгүүлч, Хүний эрх, байгаль орчныг хамгаалах, хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, нийгмийн анхаарлыг татсан, авлига албан тушаалтны гэмт хэрэг, хүнд суртлын эсрэг засаглалыг тунгалагшуулах хөдөлгөөн өрнүүлж, үр хүнд хүрсэн иргэний хөдөлгөөний зүтгэлтэн нэр дэвших юм.


Шагналын эзэнд С.Цогтсайхан агсны баримал, дүр бүхий алтан медаль, өргөмжлөл, 1988000 төгрөг гардуулах нь. С.Цогтсайхан агсан 1988 онд “Шинэ үе” бүлгэмээ байгуулан ардчиллын төлөөх их үйлсээ эхлүүлсэн учраас шагналын мөнгийг 1988000 төгрөг гэж тогтсон гэнэ.


Монголын Ардчилсан Холбооны Удирдах зөвлөлөөс томилогдсон шагналын зөвлөлд нэр дэвшигч нь материалаа жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний дотор бүрдүүлэн өгөх бөгөөд эхний шалгаруулалтаас тунасан нэр дэвшигчдийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл олон нийтийн дунд цахим санал асуулгаар тодруулж, зөвлөлийн гишүүдийн саналтай нэгтгэн 12 дугаар сарын 7-нд албан ёсоор зарлах юм.
Шагналын зөвлөлд С.Цогтсайхан агсны ах С.Майнбаяр, “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр, “Ардчилал” сонины анхны эрхлэгч С.Амарсанаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Сосорбарам нарын хүн ажиллах нь.