МАН-ын “Сонгуулийн мөрийн хөтөлбөр” буюу “Мянгуужингийн ээлжит үлгэр”

Дэлхийн сонгодог шог хошин үлгэрийн нэг бол Мянгуужингийн үлгэр. Хэтэрхий худал түүхүүдтэйг нь мэдсээр атлаа хүүхдийн уран сэтгэмжийг хөгжүүлэхэд энэ үлгэр өнөөг хүртэл үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа учраас дэлхийн олон орны хэл дээр орчуулан хэвлүүлсэн хэвээр байгаа гэдэг.

 

Отто Фон Манхаузен гэх бодит хүний түүхээс сэдэвлэн бичсэн энэ түүхийг Монголд “Мянгуужингийн үлгэр” хэмээн нутагшуулаад хагас зуу гаруй жил болжээ. Тиймээс манай улстөрчид, төрийн түшээдийн магадгүй хамгийн сайн мэддэг үлгэр зохиолын нэг ч байж болох. Өдгөө энэ үлгэрийн Монгол хувилбарууд цаасан дээр амилж, бидний ой ухаанд буусаар лав 30-аад жил болох нь. Улс төрд олон намын тогтолцоо бүрдсэн тэр цагаас эхлэн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр хэмээх “Мянгуужингийн үлгэр”-ийг туурвисаар.

Жишээ нь, 2016 онд 90 жилийн түүхтэй улстөрийн хүчин МАН бидэнд зориулж бичсэн “Мянгуужингийн үлгэр”-ээ энэ жил арвижуулан баялагжуулах нь. Эхлээд жилийн өмнөх “үлгэр”-ийг сануулъя.

2016 оны МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр:

“Засаглалын бодлого” хэсэгтээ “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн зааг ялгаа алдагдаж, “давхар дээл” нөмөрсөн эрх мэдэлтнүүд төрийн үйл ажиллагааг хувийн эрх ашгийн төлөө хуульгүй мэт удирдаж байна... УИХ-ын гишүүд олноороо давхар дээл нөмөрснөөр төр засгийн ажил цалгардаж, “Их ажлын дүр, ид ажлын садаа” болон хувирлаа” хэмээн сүржин зарлаад “БИД ИНГЭЖ ШИЙДНЭ” гэж онцлохдоо “ Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгож, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн тодорхой зааглана” гэжээ. Сөрөг хүчнийгээ буруутгах, муухай харагдуулах чухал зэвсгээ тэд “Давхар дээл” хэмээн тодотгож байлаа.

Үүнийгээ ч 2014 онд тод илэрхийлэн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулсан МАН-ын залуус кинонд ашигласан хуучны хэдэн дээлийг давхарлан нөмрөөд нүүрэндээ сөрөг хүчний сайд нарын хөрөг бүхий баг зүүж “гангараад”, Чингисийн талбад давхар дээл тайлах зан үйл хийснийг тэдний зургууд түүх болон гэрчилж үлджээ.
 Гэвч ердөө хоёр жилийн дараа Ж.Мөнхбат өөрөө давхар дээлтэй сайд болон Засагт заларсан. ““...Дампуурсан төр засгийн “давхар дээл”-ийг тайлуулах цуглааныг МАН сөрөг хүчнийхээ хувьд зохион байгуулж байна. Бид бүхэн шантрахгүй. Давхар дээлийг тайлтал нь, хэрэв тайлуулахгүй гэвэл Засгийн газрыг огцортол нь, засгийн газраа хайцаалбал УИХ-ыг тартал нь тэмцэнэ” гэж сүржигнэж байснаа мартаад 2016 онд “2012 оны сонгуулийн дүнд бий болсон шинэчлэлийн Засгийн газар 19 сайд  бараг л 100 хувь “давхар дээл’’-тэй байсан. Өнөөдөр МАН энэ байдлыг эрс бууруулах зарчмыг барьж ажиллалаа. Үндсэн чиг үүргийн яамны сайд нарыг давхар байж болох гэдэг хувилбарыг хаана ч ярьдаг. Гэхдээ үндсэн чиг үүргийн яамд 5-6 л байгаа шүү дээ. “Давхар дээл”-тэй 19 сайдын дэргэд МАН энэ удаад Засгийн газрынхаа гуравны нэгийг буюу 50-аас доош хувийг нь давхар албан тушаалтай байлгах бодлого барьж байна. Энэ бол дэвшил” хэмээн бардамнасан.

Харамсалтай нь, дэвшилтэт Засгийн газар нь жил гаруйхан болоод дараагийн Засгийн газартаа халаагаа өглөө. Мэдээж УИХ-д 65 суудал авсан учраас МАН ахиад л өөрийн Засгийн газрыг байгуулж байна. Харин энэ удаад Ж.Мөнхбат даргын “дэвшил”, 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр  энэ тэрийг “чепуха” гэж орхиод сайд нартаа 100 хувь давхар дээл нөмрүүлэв.
Ард түмэнд зориулж бичсэн “Сонгуулийн мөрийн хөтөлбөр” гэх “Мянгуужингийн үлгэр”-ээ тэд ийн үргэлжлүүлэн бичсээр...

Эх сурвалж: www.assa.mn