Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх танд хандаж байна

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний төвийг хаалгыг хүүхдэд “нээж” өгөөч-
 


Тавхан настай хүүхдэд төлбөргүй үйлчилгээ үзүүлэхийн төлөө яамнаас зөвшөөрөл хүсч суудаг даргатай Шүүхийн шинжилгээний байгууллага байх гэж... Гажуудсан төрийн галзуурсан тогтолцоо гэж үүнийг л хэлэх байх даа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хойд эцэг нь таван настай охиноо хүчирхийлсэн аймшигт хэрэг гарч, охиныг Шүүхийн шинжилгээний байгууллагад хүргэж ирсэн садан нь шинжилгээний 10 мянган төгрөг төлж чадахгүй байгааг харсан хөндлөнгийн нэгэн энэ тухай эмзэглэн олон нийтийн сүлжээнд бичсэн нь хүн бүрийн сэтгэлийг сэртхийлгэв.

Энэ тухай Zaluu.com сайтын сэтгүүлч Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн дэд захирал гэх нөхрөөс тодруулахад “Таван настай охинд төлбөргүй үйлчилгээ үзүүлэх санал яаманд хүргүүлсэн байгаа. Төлбөрийн асуудлыг яам нааштай шийдэх байх. Энэ сардаа хариу нь ирнэ дээ” гэх даргын үгийг ерөөс ухаж ойлгосонгүй. Яамнаас хариу иртэл охин сар гаруй энэ байгууллагыг үүдийг сахиж суух хэрэг үү. Өөдөсхөн биедээ хэт ахадсан шаналал тээж яваа хүүхдэд бүтэн сарын турш энэ зовлонг нь сануулах юм уу.

10 мянга, 100 мянган төгрөг байсан ч энэ шинжилгээний зардлыг Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэн толгой мэдээд шийдэх боломжгүй гэж үү. Даргынхаа машинд ядаж сард хэдэн төгрөгийн шатахуун зарцуулдгаа, нарийн бичгийн ширээн дээр хөглөрөх цаасанд хэдэн төгрөг зарцуулдгаа тооцоод үзээсэй билээ. Өмхийртлөө архидаж, нялх үрээ бузарлаж байгаа адгуусаас шинжилгээний мөнгө горьдож, юу болоод байгааг ойлгох сөхөөгүй өвчинд шаналах хүүхдийг хүлээлгийн сандал дээр хэвтүүлчихээд юу боддог хүмүүс энэ байгууллагад ажилладаг хэрэг вэ.

Хар л даа. Танд ийм үр, ийм ач, ийм зээ байхгүй гэж үү.  Өөдөсхөн үр аврал нэхэж байна. Гомдол цөхрөлдөө тэр шаналж байна. Төр нь хамгаалж, төр нь өмгөөлөх ёстой  байтал байх л ёстой зүйл мэтээр үл тоомсорлон яамнаас хариу горьдож суух гэж...

Өнөөх Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх чинь ердөө л энэ үү.  Монгол Улсын иргэн Монгол Улсын төрөөс амьд явах эрхээ хүсэхдээ ердөө 10 мянган төгрөгийн шинжилгээ хийлгэж болохгүй хэрэг үү.

Магадгүй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүсэлт болох тэр албан бичиг толгойгүй байгаа яамны халагдахаа эсэхдээ эргэлзэж суугаа хэн нэгэн даргын ширээн дээрх цаасыг зузаалаад мартагдаж орхино.  Гэтэл яамны хариу ирээгүй гээд шинжилгээний мөнгө байтугай өнөөдөр орох оронгүй болчихоод байгаа тавхан настай охиныг хүлээлгийн сандал дээрээ хэвтүүлсээр байх уу.
Би, миний адил мянга мянган ээжүүд үүнийг ойлгохгүй байна. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлдэг байсан. Хэрвээ хэвээр байгаа бол шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа хандаж байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд бүрт өдөр шөнөгүй хаалгаа нээгээд үнэ төлбөргүй үйлчлэх боломжийг олгож, Шүүхийн шинжилгээний Үндэсний төв гэх энэ байгууллагын дүрэм журамд өөрчлөлт оруулж өгөөч....
Эх сурвалж: www.assa.mn