АН-ын бүлэг Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжих боломжгүй гэж үзжээ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаад шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьт нэгджээ.

 

Бүлгийн дэд дарга Ж.Батзандан энэ тухайд, “МАН сонгуульд оролцохдоо давхар дээлнээс татгалзана хэмээн нэг жилийн өмнө сонгогч олондоо амалж байсан. Гэтэл өнөөдөр энэхүү амлалтаасаа ухарч, бүх сайд нарыг УИХ-аас нэр дэвшүүлсэн байна. Бид өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж зарчмын хувьд шинэ Засгийн газрыг дэмжинэ гэдгээ албан ёсоор илэрхийлж байсан. Гэхдээ Ерөнхий чиг үүргийн яамдыг тэргүүлэх сайд нарыг давхар дээлтэй байх, үлдсэн сайд нарыг УИХ-ын гаднаас томилох хэрэгтэй гэсэн саналаа хэлж байсан. Гэтэл өнөөдөр бүх сайд давхар дээлтэй орж ирж байгаа тул АН-ын бүлэг дэмжих боломжгүй. Сайд нарыг УИХ-аас бүрдүүлж байгаа нь Үндсэн хуулийн олон заалтыг зөрчиж байгаагийн дээр засаглал хуваах, цаашлаад УИХ-ын хяналт-тэнцвэрийг зарчмыг алдагдуулж байна. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга зөвшилцөх бичигтэй танилцаад “Сангийн сайдад нэр дэвшигч Ж.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй” гэж үзсэн. Ж.Хүрэлбаатар нь уул уурхайн бизнестэй, өмнө нь хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдож байсан тул тэрбээр дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн”” хэмээв.

Үүний дараа бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж тус хуралдаанаар хэлэлцсэн дараагийн нэг асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. Уг хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцжээ. Тэрбээр, "Тодотголд төсвийн алдагдлыг 2.7 их наяд төгрөг байхаар тусгажээ. Түүнчлэн төсвийн орлого давж биелсэн мөнгийг ямар ч үр ашиггүй зардалд тусгасан байна. Бид удахгүй бондын төлбөр төлнө. Ийм маягаар тодотголоо баталвал бондыг бондоор төлөх болно. Ингэснээр Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд унахад хүрнэ. Манай бүлэг тодотгол хэлэлцэх үед завсарлага авсан. Одоо дахин завсарлага авах боломжгүй. Тиймээс бид хэлэлцүүлэг эхлэхэд зарчмын санал гаргах байдлаар асуудалд шүүмжлэлтэй хандана. Ингэхдээ хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх, төрийн албан хаагч, эмч багш нарын цалинг нэмэгдүүлэхийг шаардсан хэвээр байх болно" гэсэн юм.

Бүлгийн дэд дарга Ж.Батзандан мөн концесстой холбоотой заалтуудыг эсэргүүцэж байгаагаа хэллээ. Учир нь концесс зарлаад нэг жилийн дараа мөнгийг нь өгөх зарчмаар явж байгаа өнөөгийн зарчим нь сонгодог концесс биш гэж тэрбээр мэдэгдэв.