Ядуу Монгол

Монгол Улсад ядуурлын шугман дээр дэнжигнэсэн хүн амын тоо сүүлийн хоёр жилд огцом нэмэгдсэн харамсалтай мэдээлэл байна. Статистикийн үндэсний хороо, Дэлхийн банктай хамтарч “Ядуурлын дүр төрх-2016” өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа хийж дүнгээ танилцуулав.

Энэ судалгааг хоёр жил тутам хийдэг бөгөөд нийт 16000 мянган өрхийг хамруулж дундажлан тооцсон байна. Ийм учраас уг судалгаанд дурдагдсан тоо баримтад энэ оны буюу хүн амын амьжиргааны сүүлийн үеийн тоо баримт ороогүй гэсэн үг юм. Эдгээр байгууллага  2002 оноос хойш өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшиний судалгаа, ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж. 

Ядуурлыг хэмжихдээ улс орон бүр тодорхой шугам буюу нэг хүнд ногдох сарын хэрэглээний мөнгөн дүнгээр тооцдог. Өөрөөр хэлбэл хүний эрүүл, идвэхтэй амьдарлыг хангахуйц хоол тэжээл, хэрэглээ шаардлагыг хангах хамгийн бага мөнгөн дүнгээр илэрхийлсэн зардалыг ядуурлын шугам гэдэг. Жишээ нь нэг хүн хоногт 2100 ккалори илчлэгтэй хоол хүнс хэрэглэх ёстой. Иймд энэ хэмжээний илчлэг авах хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэ өртөгийг тооцон гаргаж ядуурлыг хэмжинэ гэсэн үг.

Манай улс ийм шугамыг 2010 онд шинэчлэн тогтоожээ. Тэгэхдээ нэг хүний сарын хэрэглээг 146600 төгрөгөөр тооцсон байдаг. Энэ тооцоогоор аваад үзвэл ядуурал эрчимтэй өсчээ. Тухайлбал, 2016 онд ядуурлын түвшин улсын хэмжээнд 29.6 пункт  байж. Үүнийг өмнөх 2014 оны судалгаатай харьцуулбал 8 пунктээр өссөн үзүүлэлт. Үүнийг хувиар илэрхийлэх юм бол сүүлийн хоёр жилд ядуурал 37.4 хувиар өссөн дүн гараад байна. Уг дүнг хүм амын тоогоор авч үзье. Өмнөх судалгаа буюу  2014 онд улсын хэмжээнд ядуурал  21.6 пункт байж. Энэ нь  нийт хүн амын 634 мянга нь ядууралд орсон гэдэг дүн. Тэгвэл 2016 оны судалгаагаар 907.5 мянган хүн ядууралд орсон дүн гараад байгаа юм. Энэ нь төрийн бодлого төө тэрүүгээр тэнүүчилж байндаа тусдаггүй, түмний түрийвч жилээс жилд нимгэрч, жижгэрсээр байгааг илтгэнэ. Жилээс жилд бараа бүтээгдэхүүний үнэ, өртөг өсч иргэдийн орлого хумигдсаар.

Өмнөх судалдгаанд ядуурлын шугмыг дөнгөж давсан иргэд олон байгааг дурдаж байсан. Гэтэл тэд сүүлийн хоёр жилд эргээд ядуурлын шугмаас доош унасан хэмээн судлаачид хэллээ. Учир нь ийм иргэд нийгэм, эдийн засгийн цочролд өртөмтгий хөл дээрээ бат зогсох дархлаа тогтож амжаагүй байсантай холбоотой.


Манай улсын эдийн засгийн өсөлт  уул уурхайн салбар, ашигт малтмалын үнийн уналтаас шалтгаалж  жил бүрч буурч ирсэн. Тухайлбал, 2012 онд эдийн засаг 11.6 хувиар өссөн. Харин 2016 онд 3.6 хувиар өссөн билээ. Ингээд эдийн засгийн өсөлтийн хурд саарсан энэ шок нь ядуурал өсхөд гол нөлөө үзүүлэв. Жишээ нь хамгийн олон ажилтантай салбарын нэг бол барилга. Гэтэл тус салбарын ажилчидын тоо  2016 онд 16.7 мянгаар цөөрчээ. Мөн энэ хугацаанд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээгүй нь ядуурлыг хэмжих шугмаас доогуур орсон иргэдийн тоо өсөх гол хүчин зүйл болсон байна.

Ялангуяа орон нутагт ядуурлын түвшин илүү нэмэгджээ. Бүс нутгаар нь авч үзвэл зүүн бүсэд ядуурал хамгийн өндөр. Баруун бүс нутаг хоёрт орж байна. Харин төвийн бүс нутаг бага түвшинд байгаа юм.  Аймгаар нь аваад үзвэл баруун бүс нутагт Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай Төвийн бүс нутагт  Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Хангайн бүст Архангай, Баянхонгор, Булган, Зүүн бүст Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ядуурал өндөр гарав.

Судлагааны дүнгээс харвал нийт хүн амын 42.2 хувь нь зээлтэй. Зээлийн төрлийг нь харвал цалин, малчны, тэтгэврийн зээл хамгийн өндөр хувийг эзлэж байна.
Энэ судалгаа эрх баригчдийн үүрэх ачааг шууд тодорхойлж хэлж өглөө гэж болно. Өөрөөр хэлбэл   эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах арга хэмжээ авч чадвал ирэх сонгуульд шууд торойгоод гараад ирэх дүр зураг эндээс тодоос тод харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2020 онд нөгөө л ходоодны сонгууль  болох төлөвтэй.