МОНГОЛД БИТКОЙНЫ АРИЛЖАА 1500 ХҮНТЭЙГЭЭР ЭХЭЛСЭН

Дэлхийн хэвлэл мэдээллийн сүүлийн зургаан сарын бай болж буй биткойн цахим мөнгөний талаар бид Монголд энэ үйлчилгээг эхлүүлж буй www.trade.mn цахим мөнгөний биржийн төслийн зохицуулагч Г.Лхамсүрэнтэй ярилцлаа.

 

-Сүүлийн үед биткойны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олонтаа бичиж, сайн, муу нөлөөний талаар дугарч байна. Биткойн гэж яг юу бэ? Энэ талаар тодорхой тайлбар хүсч, ярилцлагаа эхлэе.

-Биткойн бол цахим мөнгө. Өнөөдөр биткойныг хэн зохион бүтээсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ 2008 онд Сатоси Накамото гэх япон хүн зохион бүтээсэн гэж яригддаг. Биткойн бол блокчейн технологи дээр үндэслэгдсэн цахим мөнгө. Блокчейн технологи нь ил тод, аюулгүй, нууцлалын зэрэглэл өндөр технологи. Биткойн бол санхүүгийн хэрэгсэл, пирамид биш. Цэвэр технологи дээр суурилсан хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Хөрөнгө оруулалт гэдэг талаас нь харвал маш чухал бүтээгдэхүүн. Харин технологи талаас нь судалбал мэргэжлийн IT чиглэлийн хүмүүст илүү дөхөм байна. Иймээс энгийн иргэд технологи талаас нь харахад хүндрэлтэй, ойлгомжгүй байх нь мэдээж. Дэлхийн тэргүүлэх чинээлэг хүмүүс биткойныг үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үнэлэх боллоо. Биткойн бол ил тод, нууцлалын өндөр төвшинд баталгаажсан хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Бид өнөөдөр интернэт гэх зүйлийг үгүйсгэж чадахгүйтэй адил блокчейн технологийг үгүйсгэх боломжгүй. Иймээс биткойны хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа байх. Өнөөдөр дэлхий дээр долоон тэрбум 300 сая хүн амьдарч байна. Тэдний 20-25 сая нь биткойн, блокчейны ойлголттой байгаа гэх мэдээллийг уншсан. 

-Тэгэхээр энэ цахим мөнгийг хэрхэн үйлдвэрлэдэг гэсэн үг вэ?

-Нэг биткойн үйлдвэрлэхэд ойролцоогоор 700-900 ам.долларын зардал гардаг. Иймээс энэ алгоритмыг бодохын тулд маш хүчтэй, супер компьютерууд байх шаардлагатай. Дэлхий дээр өнөөдөр 21 сая биткойн байна. Үүнийг дахин үйлдвэрлэх ямар ч боломжгүй. Учир нь асар их цахилгаан, эрчим хүч шаардагдаг. Гэтэл түүний 16 саяыг нь хүмүүс аль хэдийнэ эзэмшиж байна. Одоо тавхан сая биткойн дэлхийн зах зээл дээр үлдсэн гэсэн үг. Иймээс үнэ цэнэ нь өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар биткойны ханш 4800 ам.доллартай тэнцэж байна. 

-Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөр тутам биткойны тухай мэдээлж байна. Манай улс ч гэсэн энэ цахим мөнгийг сонирхож эхэллээ. Гэхдээ биткойн бол луйвар гэх ойлголт гарч эхэллээ шүү дээ. Энэ үнэхээр цахим луйвар байх эрсдэлтэй юу? 

-Биткойн санхүүгийн хэрэгсэл, пирамид эсвэл хэн нэгэн мөнгө олох зорилготой тийм зүйл огт биш. Цэвэр технологи гэж би хэлнэ. Мөн мэдээлэл, технологийн салбарт гарч буй шинэ хувьсал. Блокчайн технологи дээр суурилсан биткойн буюу дижитал цахим мөнгөний талаар хүмүүс янз бүрийн ойлголттой байна. Дэлхийн төв банкууд үүнийг судлах түвшинд явж байна. Япон болон Сингапурын төв банк энэ технологийг ашиглана гэдэг шийдвэрээ зарлачихсан. Харин ОХУ болон БНХАУ үүнийг өөрт хэрхэн ашигтайгаар ашиглах, хянах вэ гэдэг асуудлыг судалж байгаа. 

Биткойн бол төлбөр тооцоог маш ил тод, аюулгүй, маш бага зардлаар, хурдан хугацаанд, дундын зуучлагчгүйгээр хийх боломж гэж энгийн үгээр тайлбарлах гээд үзье. Энэ бол хэн нэгэн хэвлээд, хэн нэгний Засгийн газар зохиогоод, үржүүлээд байдаг тоо бол биш. Тодорхой хэмжээний цахилгаан, супер компьютьерүүд ашиглан, алгоритм бодож боловсруулсан тоон үнэ цэнэ юм. Тэрхүү тоон үнэ цэнийг ашиглан төлбөр тооцооны хэрэгсэл болгон дэлхий нийтэд маш түргэн нэвтрүүлж байгаа л гэсэн үг. Жишээлбэл, Япон, Норвеги, Исланд, Эстони, Англи, АНУ зэрэг улсуудад биткойны хэрэглээ нэмэгдэхийн хирээр үнэ цэнэ нь өсч байна. Үүнд хэн нэгэн үнэ тогтоогоод байгаа асуудал байхгүй. Биткойны эрэлт дэлхийн зах зээл дээр байна гэдгийн тод жишээ. Хамгийн сүүлийн жишээ гэвэл “Turkish airlines” онгоцны билетээ биткойноор борлуулж байна. Англид биткойноор байр худалдан авах, түрээс төлөх хэмжээнд биткойн ашиглагдаж байна. Мөн Исланд, Норвеги, Шведэд найман нэрийн барааны дэлгүүрүүд нь биткойноор үйлчилж эхэллээ. 

Ганц биткойн ч биш өнөөдөр дэлхий дээр 1200 төрлийн цахим мөнгө бий болчихсон байдаг. Тэднээс биткойн блокчайн технологи дээр суурилсан гэдгээрээ ялгаатай. Учир нь өнөөдөр хэн ч, хаана ч блокчайн технологийг үгүйсгэж чадахгүй байна. Биткойн бол тодорхой зүйлээр баталгаажсан төлбөр тооцооны хэрэгсэл гэдгээрээ бусад луйврын шинж чанартай цахим мөнгөнөөс ялгаатай. 

-Onecoin-ий талаар та юу хэлэх вэ? 

-Onecoin-ийг би сайн мэдэхгүй. Гэхдээ onecoin-ийг баталгаажуулах зүйл байхгүй. Чамд onecoin байлаа гэж бодоход чи түүнийгээ олон улсын цахим бирж дээр борлуулах боломжгүйд учир нь оршиж байна. Харин биткойн бол өөр асуудал. Биткойн бол дэлхий нийтэд зөвшөөрөгдсөн, баталгаажсан схем, гол нь миний дахин дахин хэлээд байгаа блокчейн технологи дээр суурилагдсан гэдгээрээ онцлог. 

-Тэгвэл энэ блокчейн технологийн давуу тал юу юм бэ?

-Технологийн хувьсал өнөөдөр хүн төрөлхтөнд маш том давуу талыг олгож байна. Тодруулбал, блокчейн технологи нь төлбөр тооцоог дундын зуучлагчгүйгээр, хамгийн хурдан хийх боломжийг олгодог. Мөн энэ технологи ил тод, нээлттэй байхаас гадна нууцлалын маш өндөр төвшинд боловсруулагдсан. Магадгүй түүнийг ашиглан ирээдүйд сонгууль хийх боломжтой. Мөн Монгол Улсын бүх төрлийн бүртгэлийг хийж болно. Жишээлбэл, Эстони улс бүртгэлээ блокчейн технологи дээр суурилан хийж байна. Швейцарийн Цюрих хот бүх төрлийн төлбөр тооцоог блокчейн технологи дээр суурилуулж байна. Мөн Дубай блокчейн технологи дээр суурилсан үндэсний цахим мөнгөтэй болох зорилт тавьсан. Бүр цаашилбал, блокчейн технологийг ашигласнаар дэлхийн долоон тэрбум хүний эрүүл мэндийн нэгтгэлийг нэг дата бааз дээр цуглуулах боломж бүрдэж байна гэж үзэж байгаа. Сүүлийн үеийн мэдээгээр, дэлхийн гурван сая шүдний эмч нар блокчейн технологийг ашиглан 800 жилд судлагдаагүй байгаа шүдийг гурван сарын дотор судлах боломж бүрдэж байгааг онцлон тэмдэглэж байна. Ингэснээр асар их цаг хугацаа хэмнэх боломжтой болно. Миний гол хэлэх гэсэн санаа хүмүүс үүнийг технологи талаас нь харах хэрэгтэй гэх гэсэн юм. Санхүүгийн хэрэгсэл гэж ойлгохоос илүүтэй технологи дээр суурилсан цахим төлбөр тооцооны хэрэгсэл гэж олгоосой гэж хүсэж байна. 

-Биткойны арилжаа манай улсын хувьд аравдугаар сарын 1-нээс эхэлжээ. Арилжаа хэр явагдаж байна. Энэ талаарх мэдээллээсээ хуваалцаач?

-Монголчууд биткойныг сонирхож эхлээд гурван жил болж байна. Манайхан өнгөрсөн хугацаанд ам.доллар худалдан авч, гадны exchange платформ дээр биткойн худалдан авч, арилжаанд оролцдог байсан. Энэ үйл явцыг хялбар болгох, мөн газарзүйн байршил, хэлний бэрхшээлийг арилгах үүднээс бид биткойныг судалж эхэлсэн. Аравдугаар сарын 1-нээс төгрөгөөр биткойны арилжаа хийх боломж бүрдсэн гэхүү дээ. Арилжаа маш идэвхтэй явагдаж байна. Одоогоор 1500 хүн цахим мөнгөний бирж болох trade.mn-д дансаа нээлгэчихсэн, арилжаанд оролцоод явж байна. 

-Сүүлийн үед цахим орчныг ашиглан монголчуудыг луйвардах, и-мэйл хаяг, сошиал хуудсыг нь хакердах тохиолдол цагдаагийн байгууллагад маш их бүртгэгдэж байна. Биткойн бол цахим мөнгө. Үүнийг хакердах эрсдэл бий юу? 

-Биткойныг хакердсан тохиолдол одоогоор дэлхий нийтэд бүртгэгдээгүй байна. Дэлхийн томоохон хакерын агентлагууд биткойныг хакердахын тулд асар их мөнгө, цаг хугацаа зарцуулж байж болох юм. Тэд ч гэсэн үүнийг судалж байна. Биткойн бол нууцлалын маш өндөр зэрэглэлтэй гэдгээрээ бусад цахим мөнгөнөөс ялгаатай. Иймээс та биткойныхоо нууц үгээ санамсаргүй байдлаар алдах, мартах, хэн нэгэнд харуулсан тохиолдолд эргэн сэргээх эсвэл биткойноо эргүүлэн олж авах гэсэн асуудал байдаггүй. Өөрөөр хэлбэл, нууц үгээ алдсан тохиолдолд ямар ч найдвар байхгүй гэсэн үг.