Б.Гангаамаа: Олуулаа нэг олсон орж явсанд л харамсаж байна

Отгонтэнгэр ууланд Монголын уулчид авиралт хийгээд 60-аад жил болж байгаа. Нөхцөл байдлын хувьд одоо авиралт хийх улирал биш. Цас ороод хатуураагүй учраас цасан нуранги үүсэх магадлал маш өндөр.

Монгол улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа Улсын онцгой комиссын хуралд оролцлоо. Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Отгонтэнгэр ууланд Монголын уулчид авиралт хийгээд 60-аад жил болж байгаа. Нөхцөл байдлын хувьд одоо авиралт хийх улирал биш. Цас ороод хатуураагүй учраас цасан нуранги үүсэх магадлал маш өндөр.

Эрсдлийн байдлыг үзэхэд тэд маань хоёр хоночихлоо. 10 дугаар сарын сүүл цаг агаар маш их хүйтэрсэн байгаа. Ямар нэгэн бэртэл гэмтэл авсан бол тэд ямар ч майхан савгүй, хоол хүнсгүй байгаа болохоор маш их хүндрэл үүссэн байгаа гэж бодож байна. Би яг нөхцөл байдал дээр очиж хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Оргилд гарсан хугацаа 16,30 цаг гэхээр дэндүү орой байна. Цас нурахыг тэр болгон урьдчилж таамаглах боломжгүй. Гэхдээ өдийд цас нурах үе мөн үү гэвэл мөн. Би нэг л юманд харамсаж байна. Яах гэж тэгж олуулаа нэг олсонд орж, энэ улиралд нь явсан юм бол доо гэдэгт харамсаж байна. Амьд байвал тэднийг яаралтай аврах хэрэгтэй байна.


-Ер нь өндөр эрсдэлтэй байна гэж бодож байна уу?

-Цас яг аль тал руугаа нурсан гэдгийг нь мэдэхгүй байна. Хавцал руу унасан бол маш эрсдэлтэй. Харин бууж байгаа тал руугаа нурсан бол цасандаа бэртэж, гэмтчихээд амьд байх магадлал байгаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж хэлж байгаа ч цас нурсан тохиолдолд хэрвээ амьд мэнд үлдсэн хүн байвал хэн нэгэн нь бусдадаа туслах боломжтой бол байж болно. Гэхдээ дундын кэмп байгуулаагүй учраас бууж байх үед осол гарсан болохоор өмссөн хувцас, жижиг үүргэвчтэйгээ, ус байвал уугаад дуусгачихсан. Хүнс байвал идээд дуусгасан байгаа. Тэгэхээр бие биенийгээ үүрээд явж чадахгүй нөхцөл үүссэн байх.
Н.Сүрэнжав гэдэг хүн Уул аялалын клубуудын нэгдсэн холбоог тэргүүлдэг хүн нь гэж би ойлгож байгаа. Туршлагын хувьд би сайн мэдэхгүй байна. Урьд хүмүүс авч явсан болохоор чадна гэж тооцоолж явсан байх. Гэхдээ цас нурна гэж урьдчилан тооцоолох боломжгүй болохоор тэр хүнийг буруутгах аргагүй. Өөрөө ч сураггүй болсон хүмүүсийн дунд яваа.

-Отгонтэнгэр хайрхан руу уулчид ямар замаар авиралт хийдэг вэ?

-Авиралтын үндсэн зам нь ар буюу өмнө талаасаа авирдаг. Энэ багийнхан өвөр талаасаа явсан байсан. энэ нь зам нь огцомдуу. Яг тэр огцом бөмбөгөр дээр цас хуралдсан бол нуранга үүсэх магадлал өндөр.


-Сая та Онцгой байдлын онцгой комиссын хуралдаанд орлоо?

-ОБЕГ боломжийн хэрээрээ маш шуурхай арга хэмжээ зохион байгуулж байна. 2015 онд ч ОБЕГ-ынхон явсан.
Эрэх хайх ажиллагаанд хамгийн түрүүнд Завхан аймгаас 5 уулчин явсан. Баян-Өлгий, Ховд аймгаас уулчид нэгдээд гавьяат уулчин Т.Гүррагчаагаар ахлуулсан уулчид, Улаанбаатараас Г.Өсөхбаяраар ахлуулсан 5 уулчин, Эрдэнэтээс н.Бат-эрдэнээс ахлуулсан уулчдын группийнхэн Онцгой байдлынхантай нийлээд явж байгаа.