Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдыг ХНХ-ын сайд С.Чинзориг хүлээн авлаа

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сарын 14-19-ний хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод боллоо


Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сарын 14-19-ний хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод боллоо. Монгол Улс 2015 оны 43 дэх удаагийн тэмцээнд анх удаа есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ удаад гагнуур, мужаан, сантехник, цахилгаан, тогооч, өрөг угсралтын зургаан мэргэжлээр амжилттай оролцоод ирлээ. 59 орны 1300 оролцогч 51 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдсөн энэхүү тэмцээнээс гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов тусгай байрын шагнал хүртсэнээс гадна Үндэсний шилдэг оролцогчоор шалгарсан юм. Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон оролцогчид болон эксперт багш нарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр хүлээн авч баяр хүргэн, талархал, мөнгөн шагнал гардууллаа.

77 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн ур чадварын байгууллагын 69 дэх гишүүнээр Монгол Улс 2014 онд элссэн. Бразилийн Сан Паоло хотод 2015 онд зохион байгуулагдсан 43 дэх удаагийн тэмцээнд манай улс анх удаа есөн мэргэжлээр оролцоход гагнуурын оролцогч 463 оноо хүртэж, 36 орноос 33 дугаар байр, цахилгааны оролцогч 450 оноо хүртэж, 37 орноос 33 дугаар байр, өрөг угсралтын оролцогч 448 оноо хүртэж, 26 орноос 25 дугаар байр, тогоочийн оролцогч 379 оноо хүртэж, 35 орноос 26 дугаар байр эзэлж байсан бол мужааны оролцогч хамгийн өндөр буюу 480 оноо хүртэж, тус төрөлд өрсөлдсөн 23 орноос 18 дугаар байр эзэлж байсан юм. Иймд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдах 44 дэх удаагийн тэмцээнээс Монгол улс өмнөх тэмцээний амжилтаа ахиулах зорилттой оролцсон юм. Энэхүү зорилт биеллээ олон, гагнуурын оролцогч Ж.Жанлав-Ойдов 700 оноо хүртэж, Тусгай байрын шагнал, Үндэсний шилдэг оролцогчийн хос медалийг эх орондоо авчирлаа.

Гагнуурын төрөлд 34 орон оролцсоноор Ж.Жанлав-Ойдов 18 дугаар байр эзэлсэн бөгөөд Тайванийн оролцогч 730 оноогоор хүрэл медаль, Япон болон Солонгосын оролцогчид 731-733 оноогоор мөнгөн медаль, Хятад улсын оролцогч 737 оноогоор алтан медаль хүртсэн нь энэхүү төрөлд оролцогчдын ур чадвар өндөр, бэлтгэл чамбай, өрсөлдөөн ширүүн байсныг харуулж байна. Монголын бусад таван оролцогчийн хувьд 2015 оны оноог мэргэжил тус бүрт ахиулсан нь энэ удаагийн тэмцээний гол амжилтын нэг юм.

Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол улсын ерөнхий зохион байгуулагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бөгөөд дэмжигч байгууллагаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл", Оюутолгой компани, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Хүнс технологи политехник коллежийн дэмжигч байгууллагаар ажилласан юм.

Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээн 2019 онд ОХУ-ын Казань, 2021 онд БНХАУ-ын Шанхай хотод тус тус зохион байгуулагдана. Монгол улсын хувьд энэхүү тэмцээнд амжилттай оролцохын тулд “Монгол ур чадвар”-ын тэмцээнийг даруй зохион байгуулж, оролцогчдын бэлтгэлийг эртнээс хангах нь чухал байна. Монгол улсын хэтийн зорилго бол Дэлхийн ур чадварын байгууллагын стандарт, үнэлгээний системийг Монголын мэргэжлийн байгууллагад нэвтрүүлэх юм. Монголын оролцогчид дэлхийд ур чадвараар илүүрхэх цагийг ойртуулцгаая.