Төрийн албан хаагчдад нэг удаад 300 мянган төгрөгийн олговор олгох уу

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2017 оны Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр хийлээ.

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2017 оны Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр хийлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирсэн төсвийн тодотголыг буцаан татаж авалгүй, тэр санал дээр ажлын хэсэг гарч ажиллаад ийн хэлэлцүүлэхээр оруулж ирж буй гэнэ.

УИХ-ын гишүүд багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг 2017 оны төсвийн тодотголд тусгасан эсэхийг тодруулахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар"Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг судалж байгаа.
ОУВС-тай Монгол Улсын Засгийн газар 2019 он хүртэл төрийн албаны цалин хөлсийг нэмэхгүй гэж гэрээ хийсэн учраас ярилцаж, тохиролцоод төрийн өндөр албан тушаалтнаас бусад албан хаагчдад нэг удаад 300 мянган төгрөгийн олговор олгохоор төсвийн тодотголд тусгасан" гэдгийг хэлээд үүнд 55 тэрбум төгрөг шаардлагатай гэв.
Энэ мөнгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрээр гишүүн бүрт олгодог тэрбум төгрөгийг хассанаар шийвэрлэж болно гээд тэвчиж болох бүх зардлаа хасч, эхлээд нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулах мөнгө гаргана. Энэ онд хэрэгжихээргүй бүх саналыг хасъя. Аудит хийгээгүй концессыг хасна. Тиймээс ажлын хэсгийн саналыг УИХ-ын эрхэм гишүүд минь дэмжиж өгнө үү хэмээн хүсэв.

УИХ-ын гишүүн Н.Батнасан “Боловсролын сангаас оюутнуудад олгодог зээлийн хэмжээг жилд 90 тэрбум төгрөг байдаг. Гэтэл энэ мөнгө хэдэн банкны хэрэглээ болж үлдэж байна. Тиймээс энэ мөнгийг багасгах, журамд нь өөрчлөлт оруулах ёстой" гэхэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2017 оны төсөвт нийт 90 тэрбум төгрөгийг оюутнуудад зээл хэлбэрээр олгохоор тусгасан. Гэтэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1000 гаруй оюутанд ердөө дөрвөн тэрбум төгрөг олгосон байсан. Харин үлдэгдэл мөнгийг олгохгүй байгаа шалтгааныг банкуудаас зээлдэгч тавьж буй шаардлагатай холбож байгаа. Өөрөөр хэлбэл, банкууд төлбөрийн зээл авах гэж байгаа оюутнуудад ээж, аав нь зээлтэй гэсэн шалтгаанаар зээл олгохгүй байгаа юм. Тиймээс цаашид энэ асуудлыг судалж, зээл хэрэгцээтэй байгаа оюутнуудыг бодит тоог гаргаж ирж, Боловсролын зээлийн сангаас шууд олгож байх ёстой гэдэг санал гаргасан. 2018 оны төсөвт ч 90 тэрбум төгрөгийг 75 тэрбум болгож бууруулж, түүнээс өмнө журамд нь өөрчлөлт оруулахаар болсон” хэмээлээ.